МАН-ын Шинэчлэлийн хорооноос "Монголбанк ба эдийн засгийн хямрал" сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Монголбанк буруу бодлого явуулсны улмаас Монголын эдийн засаг хямарч улмаар туйлдаад байгаа гэж Шинэчлэлийн хорооныхон үзэж "Эдийн засгийн алуурчин" гэж нэрлээд байгаа юм. Мөн хэлэлцүүлгийн үеэр эдийн засагчид "Эдийн засгийн судсыг атгаж байгаа төв банк нь буруу бодлого явуулж зах зээлд их хэмжээний бэлэн мөнгө оруулснаас мөнгөний ханш унах гол шалтгаан болсон. Зөв шийдвэр гаргадаг, ажлаа мэддэг хүмүүст ажлаа, байр сууриа тавьж өгөх хэрэгтэй" гэцгээж байна.
Энэхүү мэдэгдлийн хариуд Монголбанкны Мөнгөний бодлого, судалгааны газрын захирал Б.Болдбаатар "Эдийн засаг хүнд, олны амьдрал хэцүүхэн байх үед иймэрхүү асуудал ярьж оноо авах гэсэн иймэрхүү ажил цөөнгүй л байдаг. Манай улсын эдийн засаг дэлхийн ихэнх орнуудаас ялгаатай гол зүйл нь уул уурхайн салбараас хамааралтай учраас өсөлт бууралтын үед дасан зохицох бодлогыг сайн боловсруулах хэрэгтэй. Сүүлийн хоёр жилд, 2013, 2014 оны эдийн засгийн хүндрэл нь уул уурхайтай холбоотой хүндрэл юм" гэж тайлбарлалаа.