Хөөрхий дөө, түүнд дэндүү хатуурхаж байна

Хуучирсан мэдээ: 2011.07.01-нд нийтлэгдсэн

Хөөрхий дөө, түүнд дэндүү хатуурхаж байна

Хөөрхий дөө, түүнийг өрөвдөөд байх юм. Тэр хатуу орчлонгийн адармаатай нугачаанд хайртай хүүгээ алдан энэлэн гашуудаж, шударга ёс хаана байна, бурхан чи байдаг юм уу гэж хэлж яваа ядарсан эцэг. Тэр хууль, журам, цагдаа хяналтынханд итгэл алдаж цөхөрч, будилж яваа эр. Түүнийг Ц.Энхбаяр гэдэг. 2008 оны долдугаар сарын 1-нд том хүү нь цагдаагийнхны тавьсан суманд амиа алдсан. Түүнээс хойш тэр хэргийн талаар гутлаа эргэтэл явсан ч хэрэгтнийг өнөө хэр нь олоогүй гэдгээр нь хүмүүс андахгүй. Тэр явдлаас хойш жилийн дараа “Долоон сарын 1 бол эрх баригчдын эсрэг шударга ёсыг эрхэмлэсэн ард түмний давалгаа байсан юм” гэх гоё гангангүй хэрнээ ямар нэгэн жүжиглэлт, хачиргүй, хөндий хуурмаг царай гаргалгүй чин сэтгэлээсээ хэлсэн үг олон хүнд нэгийг бодогдуулсан биз. “Шударга үнэн ялна” гэж тэр итгэж явсан. Тиймээс ч Засгийн газраас нөхөн олговор гэж өгсөн мөнгийг авалгүй Хужирбулангаас Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба руу гурван жилийн турш алхсан байлгүй. Харин одоо түүнийг шоронд хорьсон. “Гал үндэстэн” холбоонынхонтой нийлж, буруу аргаар тэмцсэн ч гэлээ түүний зорилго нь зөв л байсан. Гэхдээ 60 гарсан тэр хөгшин буу бариад бусад руу шагайсан гэдэг дэндүү үнэмшилгүй сонсогдоод байх юм. 2008 онын долдугаар сараас хойш танихын хувьд түүнийг тийм үйлдэл хийсэн гэдэг итгэж чадахгүй нь.

Хүүг нь хөнөөсөн цагдаа олдож, шударга ёс тогтоно гэдэгт итгэж, ярьж явсан аав нь ийн хоригдлоо. Хүүг нь хөнөөсөн хүн олдох нь байтугай өөрөө торны цаанаас төрдөө дэндүү ихээр гомдож суугаа.

Одоо долдугаар сарын 1-нд амиа алдсан таван залуугийн амийг нэхэж цагдаагийнхантай зууралдах хүнгүй болсон. Аагим зуны халуунд ордны хажууд 45 хоног хэлэндээ талхны үүрмэгч хүргэлгүй өлсгөлөн зарлаж, заримд нь хараалгаж суухдаа тэр төр, тэгээд тэрнийг төлөөлсөн өндөрлөгүүд ямар арчаагүй гэдэгт итгэж чадалгүй тэр хэцүү өдрүүдийг тэсч гарсан биз. “Эрх биш, иргэн нь өлсгөлөн зарлаад байхад уулзах байлгүй дээ”. “Улс орны чухал ажилтай улсуудад зав гарахгүй байгаа биз. Жаахан зав гарвал ирж уулзах байх аа”. “Чимээгүй л байна…”, -“Цагдаагийнхан маань намайг харж, хамгаалж байгаа”, “Уулзах байлгүй дээ”… Бүхэл бүтэн 45 хоногийн турш тэр ингэж л хэлж цементэн дээр өлсгөлөн зарласан юмдаг. Харамсалтай нь 45 хоног түүнтэй төрийн гурван өндөрлөгийн хэн нь ч ирж уулзаагүй. Ингэж байгаад үхчихвэл хэвлэлээр нэг шуугиан болно гэдгээс л айсандаа туслахуудаа явуулж болиулахыг оролдож байсан биз. Аз болоход тэр тэдний арчаагүй айдаст бодлыг нь биелүүлээгүй. 45 хоног өлссөн ч тэр амьд гарч чадсан. Харамсалтай нь хүүгээ цагдаагийнханд хөнөөлгүүлэн шороонд булуулж, өөрөө шоронд орлоо.

Хүүг нь хөнөөгөөгүйсэн бол түүнд тэгэж гудамжинд гарч, тэмцэгч болох сонголт ирэхгүй байсан. Ядуу ч гэлээ аз жаргалтай, амар тайван амьдралыг нь Монголын төр булаасан шигээ үгээ хэлэх эрхийг нь бас дээрэмдлээ.

Хүүгээ хүний гарт буудуулж, тэр дундаа өөрийг нь хамгаална гэж итгэж явсан цагдаагийнхаа гарт алдана гэж тэр зүүдлээгүй байх. Хүүгээ алдсан, бүр алуулсан хүний зовлонг хүүгээ алуулсан эцэг л ойлгоно. Тэр дотроо хичнээн шаналан харуусч, эргэж ирэхгүйг нь мэдсэн хэрнээ хүүгээ хэзээ ороод ирэх бол доо гэж горьдож суусныг хэн ч мэдэхгүй. Тэр горьдлого нь өдөр ирэх тусам өөрийг нь зовоохын эрхээр гудамжинд гарч, тэмцэж явсаныг өөрөөс нь өөр хүн ойлгохгүй.

Элэг бүтэн амьдарч явсан хүн энэлэн шаналах тэр үед цаг зогсч, нэг өдөр 100 жил шиг санагдан тарчилдагийг хэзээ ойлгодог төртэй болохыг бурхан л мэдэх байх. Хүний хараал идсэн төртэй болгосон бурханг чөтгөр аваасай…

А.ШАРХҮҮ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж