Э.Амартүвшин мөнгөн медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2011.07.01-нд нийтлэгдсэн

Э.Амартүвшин мөнгөн медаль хүртлээ

Дэлхийн сонгодог урлагийн "олимп" хэмээн нэрлэдэг суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын уралдаанаас ДБЭТ-ын гоцлол дуучин Э.Амартүвшин мөнгөн медаль хүртлээ. Зургадугаар сарын 14-30-ныг хүртэлх хугацаанд ОХУ-ын Москва, Санкт Петербург хотод болсон тус уралдааны сүүлийн шатанд эрэгтэй, эмэгтэй ангилалд тус бүр дөрвөн дуучин тунаж үлдсэний хоёр нь Монголын дуучид болох  Э.Амартүвшин, Ч.Энхтайван нар байсан юм.

Өнгөрсөн шөнө буюу Москвагийн цагаар 20.00 цагт энэхүү нэр хүндтэй уралдааны ялагчийг тодруулахад эрэгтэй дуучдаас БНСУ-ын дуучин Чжонмин Парк түрүүлж, манай Э.Амартүвшин мөнгөн медаль болон Үзэгчдийн нэрэмжит шагналын эзэн болжээ. Шүүгчид эрэгтэйчүүдийн ангилалд гурав, дөрөвдүгээр байрын шагналыг эзэнгүй үлдээсэн байна. Эмэгтэйчүүдээс мөн л БНСУ-ын дуучин Нан Юн Джунг алтан медаль хүртсэн бол хоёр, дөрөвдүгээр байрын шагнал эзэнгүй үлдэж, ОХУ-ын дуучин Елена Гусева хүрэл медалийн болзол хангажээ. 

Монгол Улсаа төлөөлөн энэхүү нэр хүндтэй уралдаанд амжилттай оролцож мөнгөн медаль хүртсэн Э.Амартүвшин болон сонгодог урлагийн 100 гаруй шилдэг дуучдаас шалгарч, шилдэг дөрөвт үлдсэн  Ч.Энхтайван нартаа чин сэтгэлийн баяр хүргэж, уран бүтээлийн амжилт хүсэн ерөөе. 

Ийнхүү залуу дуучин Э.Амартүвшин Монголын дуурийн урлагийн түүхэнд анх удаа агуу П.И.Чайковскийн нэрэмжит сонгодог урлагийн "олимп"-иос медаль хүртсэн уран бүтээлч боллоо.

М.Дөлгөөн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж