Өнгөрсөн шөнө буюу Москвагийн цагаар 20.00 цагт энэхүү нэр хүндтэй уралдааны ялагчийг тодруулахад эрэгтэй дуучдаас БНСУ-ын дуучин Чжонмин Парк түрүүлж, манай Э.Амартүвшин мөнгөн медаль болон Үзэгчдийн нэрэмжит шагналын эзэн болжээ. Шүүгчид эрэгтэйчүүдийн ангилалд гурав, дөрөвдүгээр байрын шагналыг эзэнгүй үлдээсэн байна. Эмэгтэйчүүдээс мөн л БНСУ-ын дуучин Нан Юн Джунг алтан медаль хүртсэн бол хоёр, дөрөвдүгээр байрын шагнал эзэнгүй үлдэж, ОХУ-ын дуучин Елена Гусева хүрэл медалийн болзол хангажээ.
Монгол Улсаа төлөөлөн энэхүү нэр хүндтэй уралдаанд амжилттай оролцож мөнгөн медаль хүртсэн Э.Амартүвшин болон сонгодог урлагийн 100 гаруй шилдэг дуучдаас шалгарч, шилдэг дөрөвт үлдсэн Ч.Энхтайван нартаа чин сэтгэлийн баяр хүргэж, уран бүтээлийн амжилт хүсэн ерөөе.
Ийнхүү залуу дуучин Э.Амартүвшин Монголын дуурийн урлагийн түүхэнд анх удаа агуу П.И.Чайковскийн нэрэмжит сонгодог урлагийн "олимп"-иос медаль хүртсэн уран бүтээлч боллоо.