Хадам эхээ хөнөөж, эхнэр хүүхдээ барьцаалжээ

Хуучирсан мэдээ: 2011.07.01-нд нийтлэгдсэн

Хадам эхээ хөнөөж, эхнэр хүүхдээ барьцаалжээ

Долоо буудлын автобусны зогсоол өнгөрөөд уулын өгсүүр зам дагуу Чингэлтэй дүүргийн есдүгээр хорооны нутаг  “Тахилтын-2” гэх гудамжны эхний эгнээнд “Энх наран” хүнсний дэлгүүр бүхий хашаа харагдана. Хашаан дотор хоёр давхар улаан тоосгон байшин нам гүм дүнхийж байв. Хашааны гадаа машинууд зогсох ч хүн харагдсангүй. Ойр хавийн хүмүүсээс сураг сонсоход “Үнэхээр харамсалтай хэрэг гарсан. Өглөө босоход л бөөн цагдаа нар ирчихсэн байсан. Энэ айлын хүмүүс саяхан ирэх шиг боллоо” гэцгээнэ. Энэ бол хадам ээжийнхээ амийг онц хэрцгийгээр хөнөөж, гурван хүний биед хүнд гэмтэл учруулан, гурван хүнийг барьцаалсан онц ноцтой хэрэг гарсан газар. Хэрэг өнгөрсөн сарын  29-30-нд шилжих шөнө гарч, цагдаагийн  байгууллагад 06.30 цагт дуудлага иржээ. Аймшиг хэрэг гарах хүртэл энэ айлд хүүхдийн дуу цангинаж,хөгшид хууч хөөрсөн монголын эгэл нэгэн өрх гэрийн амьдрал хөвөрч байсан биз ээ.  Дэлгүүрийн хажууд байх хашааны хаалга онгорхой байсан тул арынх нь /хэрэг гарсан/ байшин руу ортол уй гашууд автсан хүмүүс ундуй сундуй эд зүйлсийг эмхэлж байгаа бололтой шалны дэвсгэрийн буланг дэлгэж харагдав. Дөч гаран насны эмэгтэй биднийг тосч уулзаад “Үнэхээр аймшигтай юм боллоо. Та нар ямар зоригтой  хүүхдүүд вэ. Бушуухан явж үз. Ээжийгээ  алдчихсан, гэмтэл бэртэл авсан хүмүүс шоконд орсон байна” гэж хэлээд хажууд байгаа хүүг нохой суллахыг шаардсан юм. Харгис хүргэний гарт нэгнийхээ амийг алдан сэтгэлийн зовлонд унасан тэднийг өрөвдөх сэтгэл төрхгүй байхын аргагүй.

Хэрэг гарсан айлын хашаанд байх “Энх наран” хүнсний дэлгүүрийн  худалдагч залуугаас хэргийн талаар асуухад “Би хэрэг гарах үед энд байгаагүй. Бараг шөнө 01.00-02.00 цагийн хооронд болсон юм шиг байна лээ. Манайх энэ дэлгүүрийг түрээсэлдэг, өглөө 08.00 цагаас нээгээд орой 22.00 цагт хаадаг” гэх. Түүнээс хэрэг гарсан айлын  хүргэн 25 настай Энхээ гэх залуугийн талаар асуухад “Энэ хавиар үзэгдэж байгаагүй. Танихгүй” гэсэн юм. Биднийг ийн ярилцаж байхад хэргийг үйлдсэн гэх залуу н.Энхээгийн эхнэр байсан бүсгүй орж ирсэн юм. Толгойгоо даавуугаар боож, царай нь цонхийсон тэр  дуугарч чадахгүй байлаа. Уй гашуу, эмгэнэлт  хэрэг тохиолдсон энэ айлыг орхиж явахаас өөр арга байсангүй. Цагдаагийн байгууллагаас авсан мэдээллээр энэ сарын 30-ны 06-30 цагт “Хүн хутгалчихлаа” гэх дуудлага иржээ. Дуудлагын дагуу Хөдөлгөөнт эргүүлийн газрын алба хаагчид  очиход тодорхой эрхэлсэн ажилгүй 25 настай н.Энхээ гэгч 45 настай хадам эхийнхээ амийг хөнөөн, хадам эцэг, түүний хүү, 85 настай эмэг эхийг нь хүйтэн зэвсэг хэрэглэн хүнд гэмтээсэн байж.

Цагдаагийнхныг очиход гэрт үлдсэн эхнэр нь, дөрвөн настай төрсөн охин нь, эхнэрийнхээ дүү 15 настай С нарыг барьцаалаад байсан аж. Уг хэргийн талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Т.Сайнжаргалаас тодрууллаа.

-Цагдаагийнхныг очиход эхнэр хүүхэд, эхнэрийнхээ дүүг барьцаалсан  байсан гэлээ. Цагдаагийнхныг очиход байдал ямар  байсан бэ. Ямар арга хэмжээ авч ажиллав?

-Хүнд, хөнгөн гэмтэл авсан хадам аав Б, түүний хүү Ц, эмэг эх нь гэрээс  гарч, зугтаж амжсан  байсан юм билээ. Харин гэрт үлдсэн эхнэр Н, төрсөн охин дөрвөн настай С. Эхнэрийнхээ дүү нарыг барьцаалаад тэднийг ”ална” гэж сүрдүүлсэн байгаа юм. Бас цагдаагийнханд “Надад сумтай буу, машин өг” гэж шаардаж байсан. ЦЕГ-ын даргын тушаалаар томилогдсон ажлын хэсэг буюу  УМБГ, ЭЦГ, Тусгай хэлтсийн  алба хаагчид ажиллаж, 08.15 цагийн үед барьцаалагдсан хүмүүсийг суллаж, сэжигтнийг саатуулсан.

-Хэрэг чухам юунаас үүдэн гарсан юм бол?

-Сэжигтэн Энхээгээс өчигдөр  эхний мэдүүлэг авсан. Тэрбээр онц ноцтой хэрэг хийх болсон шалтгаанаа “Эхнэр өнгөрөгч гуравдугаар сард хүүхдээ аваад гэрлүүгээ явчихсан. Гэртээ ирээч гэж зөндөө гуйгаад ирээгүй. Хадмынхан эхнэртэй  утсаар ч яриулахгүй байсан. Тэднийд очих үедээ нэг шил архи уусан” гэжээ. Гэр бүлийн тааламжгүй харилцаанаас үүдэн үйлдсэн байж болзошгүй.

-Манайд ийм онц ноцтой хэрэг гарч байсан  уу?

-Хүний амь хөнөөгөөд,  нэг гэр бүлийн олон хүнийг барьцаалж, хүйтэн зэвсэг хэрэглэсэн хэрэг урьд өмнө гарч байгаагүй  гэсэн юм. Хэргийг УМБГ-ын Онц хүнд зохион байгуулалттай тэмцэх хэлтэст бусдын амь нас хөнөөсөн, хүн барьцаалсан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Одоогоор  бэртэж гэмтсэн хүмүүсийг эмнэлэгт хүргэжээ.

Б.САЙНЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж