Монголтой өрийн асуудлаар нааштай ааш авир гаргах үед нь манайхан “ Орос шиг л бай л даа” гэж хүртэл хошин үг гаргаж байсан тэр цаг үе өнгөрсөн бололтой. “Ах нар” өр зээлийн асуудалдаа нэлээд чанга хатуу хандаж эхэлсэн тухай сүүлийн үеийн мэдээллээр байнга гарах болжээ.
Өчигдрөөс эхлэн Орос улс Белорусьт нийлүүлдэг цахилгаан эрчим хүчээ тасалж орхисон байна. Белорусь улс нэг өдрийн хэрэгцээний эрчим хүчнийхээ 12 хувийг ОХУ-аас нийлүүлдэг бөгөөд өнгөрсөн гурван сарын төлбөрөө төлөөгүй гэсэн шалтгаанаар оросын тал ийнхүү эрчим хүчээ тасалсан байна. Зарим мэдээллээс үзвэл Белорусь улс ОХУ-д цахилгаан эрчим хүч авсныхаа төлөө 800 сая ам.долларыг төлж барагдуулах учиртай байжээ.
Хэдийгээр тус улс цахилгааны тасалдлыг дотооддоо гаргаж байгаа эрчим хүчний нөөцөөр нөхсөн ч энэ нь мөн л ОХУ-аас нийлүүлж байгаа мазут болон байгалийн хийнээс эх үүсвэртэй байгаа юм байна. Нөгөө талаар дотооддоо цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх нь экспортоор ОХУ-аас авахаас үнэтэй тусч байгаа ажээ.
Тэгвэл Хятад улс ч бас өчигдрөөс эхлэн Оростой данс тооцооны асуудал үүсгээд авчээ. ОХУ болон Хятадын хооронд нефть нийлүүлэх гэрээг анх 2009 онд байгуулсан байна. Гэрээний дагуу оросын Роснефть болон Транснефть компаниуд жил бүр Хятадад 15 сая тонн нефтийг 2030 он хүртэл нийлүүлэхээр болж байгаа ажээ. Харин ийм үүрэг авсныхаа хариуд дээрхи компаниуд Хятад улсаас 10-15 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийг авч байгаа юм байна.
Гэтэл Оросын газрын тос нийлүүлэгчдийн мэдээлснээс үзэхэд Хятадын тал Оросоос авсан нефтийнхээ үнийн дүнгийн тодорхой хэсгийг дур мэдэн дутуу төлсөөр ирсэн юм байна. Хятад улс Орост сар бүрийн 20-ны өдрөөр импортолж авсан нефтийнхээ төлбөрийг хийдэг бөгөөд оросын талаас гаргаж байгаа мэдээллээр бол энэ өмнөх саруудын төлбөрөө их хэмжээгээр дутаажээ.
Эхний улирлын болон өнгөрөгч дөрөвдүгээр сард Оросоос авсан нефийнхээ төлбөрийг төлөхдөө Хятад улс нэг тонн бүрээс нь 13 ам.долларыг дутуу төлж ирсэн аж. Тэгвэл өнгөрөгч тавдугаар сарын төлбөрөө төлөхдөө мөн л тонн тус бүрээс нь 3 ам.долларыг дутуу төлсөн юм байна. Тийм боловч Оросын талаас Хятад руу нефть импортолж байгаа Роснефть болон Транснефть компаниуд нийлүүлэлтийн үүргээ цаг хугацаанд нь тасралтгүй биелүүлсээр ирсэн гэж мэдээлж байгаа юм.
Харин Хятадын талаас авч байгаа нефтийнхээ үнийг дангаараа ингэж буулгах болсноо албан ёсоор тайлбарлахгүй байгаа гэж оросын тал мэдээлээд үнийн зөрүүгээ яаралтай төлөхийг сануулж эхэлсэн гэнэ. Дээрхи асуудлаас болж Оросын компаниуд өөр хоорондоо ч өр зээлийн асуудалтай болж байгаа ажээ. Нефть дамжуулж байгаа Транснефть гэхэд хятадуудын “хумслалт”-аас болж одоогийн байдлаар ханган нийлүүлэгч Роснефть компанид 26 сая ам.долларын өртэй болж иржээ.
Иймээс хэрэв хятадууд дутуу хийсэн төлбөрөө нөхөн төлөхгүй бол зарга үүсгэнэ гэж Транснефть анхааруулаад байгаа гэнэ. Оросын Транснефть компани Лондонгийн шүүхэд хандахаар хэдийнээс бэлдэж эхлээд байгаа юм байна.
Түүнээс гадна оросын нефтийн магнат болох Роснефть компани Транснефть компанид нийлүүлж байгаа нефть бүтээгдэхүүнийх нь тоо хэмжээ гаалийн шалган дээр тэмдэглэгдэж байгаагаас өөр гарч байгаад эмзэглэж байгаагаа мэдэгдсэн байна.
