Чуулганы өчигдрийн хуралдаанд долоон асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байсан ч АН завсарлага авах эрхээ үргэлжлүүлэн эдлэх хүсэлтээ илэрхийлсэн тул завсарлагатай холбоотой ганцхан асуудлыг хэлэлцсэн байна.
Хоёр бүлэг аль болохоор харилцан буулт хийсэн, хүлээн авч болохуйц санал удаа дараа гаргасны дүнд, зургаан үндсэн асуудлаас таван асуудлаар нь учраа ололцчихсон байгаа гэдгийг энэ үеэр АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг мэдэгдэж эцсийн үр дүнд хүрэхийн тулд ямар боловч үргэлжлүүлэн завсарлага авах шаардлагатай байгаагаа дуулгав.
Үүний дараа үг хэлсэн МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин энэ долоо хоногт бүлгийнхэн нь гурван ч удаа хуралдаж, Удирдах зөвлөлийн хурал дээр ярилцсанаа хэлээд Үндсэн чиглэл, Төсвийн хүрээний мэдэгдэл зэрэг бусад асуудлыг зэрэгцүүлээд хэлэлцээд явах санал гаргав.
Гэвч Ч.Сайханбилэг үүнийг нь хүлээн авах боломжгүйгээ мэдэгдэв. Тэрээр “Энэ асуудлыг манай бүлэг дээр бас ярьсан, эн түрүүнд сонгуулийн тогтолцооны асуудалдаа ач холбогдол өгөөд зөвшилцөөнд хурдан хүрэхийн тулд эхний ээлжид энэ асуудлаа л хэлэлцье гэдэг дээр бүлгийн гишүүдийн олонх нь санал нэгдсэн. Сонгуулийн хуулийн зөвшилцөл яг сүүлийн асуудал дээрээ гацчихаад ажлын хэсгийг үргэлжлүүлж ажиллуулах шаардлагатай байгаа” гэв.
Чуулганы хуралдааны дэгээр завсарлага авах хүсэлт гаргасан гишүүнээс бусад гишүүд асуулт асуух, санал хэлэх эрхгүй байдаг ч МАН-ын бүлгийн зүгээс эсэргүүцэж буйгаа илэрхийллээ. Дэгээр заагаагүй тул үүнээс хойшхи хэлэлцүүлэг албан ёсных биш байлаа.
МАН-ын бүлгийн дэд дарга Су.Батболд “АН-тай намгүй явна шүү дээ” гэсээр АН-ыг хүлээлгүй олонхоороо хуралдаад асуудлуудаа үргэлжлүүлэх санал гаргав. Тэрээр мөн “АН-ыг хуучирсан арга барилаараа ажиллаж нэг асуудлаар барьцаалан улс орны амьдралыг гацааж байна. Засгийн газрын үйл ажиллагааг явуулахын тулд Төсвийн хүрээний мэдэгдэл зэрэг олон асуудал хэлэлцэх хэрэгтэй байна. АН-д сонгуулийн хууль чухал байж болно, харин ард түмэнд амьдралын олон асуудал хэлэлцэх нь чухал байна. Би үүнийг АН-ын тулгалт гэж харж байна” гэх хатуу үгийг хэлэв.
Сайханбилэг үүнийх нь хариуд МАН-ын шинээр сонгогдсон дэд ахлагч ийм хариуцлагагүй үг хэлсэнд их харамсаж байгаагаа хэлээд “Асуудалд бусад гишүүдээсээ илүү нухацтай хандаж, олон талаас нь хараасай гэж хүсэж байна. “Үхрийн сүүлэн дээр хутга” гэдэг шиг хамгийн сүүлчийн асуудал дээр ийм хандлага гаргахгүй байхыг УИХ-аас хүсэж байна” гэв.
Эдгээр саналын дараа УИХ-ын дарга Д.Дэмбэрэл ажлын хэсгийн зөвшилцөл удаан байгаа тул түргэтгэхийг хүсээд “Нийгэмд хүлээлт байна. Олон нийт биднийг ямар асуудал хэрхэн шийдэхийг хүлээн харж байна. Одоо нэгэнт сүүлчийнхээ ганц асуудлыг шийдэх гэж байгаа бол үүнийг бас ойлгож болно” гээд өнөөдрийн хуралдаанд мөн л завсарлага өгөв.
Гэвч чуулганы хуралдаанд завсарлага өгсөн ч энэ өдөртөө Эдийн засаг, Төрийн байгуулалт, Төсвийн байнгын хорооны хуралдааныг явуулна шүү гэх даалгаврыг мөн дуулгаснаар хуралдаан өндөрлөв.