Долдугаар сарын 1-ний дүгнэлт хаана хүрээд зогсов?

Хуучирсан мэдээ: 2011.07.01-нд нийтлэгдсэн

Долдугаар сарын 1-ний дүгнэлт хаана хүрээд зогсов?

ДОЛДУГААР САРЫН 1-НИЙ ДҮГНЭЛТ ХААНА ХҮРЭЭД ЗОГСОВ?
ДҮГНЭЛТИЙГ ЗАСГИЙН ГАЗАРТ  ҮҮРЭГ БОЛГОЖ ӨГӨХ ЁСТОЙ

-Долдугаар сарын 1-ний хэрэгт хийсэн дүгнэлтүүдийг яагаад одоог хүртэл УИХ-аар хэлэлцүүлээгүй юм бэ?

УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооноос байгуулагдсан ажлын хэсгийн ахлагч Х.Тэмүүжин:

-Долдугаар сарын 1-ний хэрэг явдалтай холбоотойгоор УИХ дээр хоёр ажлын хэсэг ажилласан. Нэг нь УИХ-ын даргын захирамжаар Ө.Энхтүвшин гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг. Хоёрт, Хүний эрхийн дэд хорооноос байгуулагдсан ажлын хэсгийг би ахалсан. Хүний эрхийн дэд хорооноос байгуулагдсан ажлын хэсэг нь долдугаар сарын 1-тэй холбоотойгоор хүний эрхийн зөрчил ямар хэмжээнд байсан гэдгийг гаргах зорилготой байсан. Нөгөө нь долдугаар сарын 1-нд улс төрийн болоод эрх зүйн үнэлгээг өгөх ерөнхий том ажлын хэсэг байсан. Тэр ажлын хэсгийн дүгнэлт Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр очоод сураг алдарсан гэсэн. Яагаад УИХ-аас байгуулагдсан ажлын хэсэг УИХ дээр дүгнэлтээ оруулж ирж хэлэлцүүлээгүй гэдгийг би одоо ч гайхаж л байна.

Харин Хүний эрхийн дэд хорооноос байгуулагдсан ажлын хэсэг дөрвөн чиглэлээр үйл ажиллагаа явуулсан. Нэгдүгээрт, Долдугаар сарын 1-ний үймээний дараа иргэдийг олноор нь баривчилсны дараа болсон асуудал. Хоёрдугаарт, энэ хэрэгт холбогдсон иргэдийн хэргийг шалгахдаа эрүүдэн шүүсэн тухай асуудал. Гуравт, шүүх хуулийн байгууллагууд нэг талыг барьсан, дээрээс үүрэг даалгавартай ажилласан, хэрэг маргааныг бөөндөж шийдсэн гэдгийг. Дөрөвдүгээрт, галт зэвсэг хэрэглэсэнтэй холбоотой асуудлыг шалгасан. Үүнээс галт зэвсэг хэрэглэсэнтэй холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлэж байгаа тул асуудлыг шийдэж чадаагүй. Өмнө дурдсан гурван зүйл дээр ажлын хэсгийн дүгнэлт гаргасан. Тодруулбал, хүний эрхийн зөрчил гарсан гэдгийг, эрүүгийн процесст оролцдоггүй цагдаагийн сонсогч нарыг оролцуулсан. Эрүүгийн байгууллагын төлөөлөгчид үймээнийг тараасныхаа дараа иргэдийг өширхсөн байдлаар зодсон гэсэн дүгнэлт гарсан. Ийм нөхцөл байдлуудтай холбоотойгоор хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох зөвлөмжүүд гарсан. Мөн эдгээр хүний эрх зөрчсөн үйл ажиллагаа явуулж байсан Засгийн газар уучлалт гуйхаас өөр аргагүй гэх дүгнэлт бий.

УИХ-аас эдгээр дүгнэлтийг Засгийн газарт  тогтоол хэлбэрээр үүрэг болгож өгөх ёстой. Гэвч одоог хүртэл УИХ-аар орж хэлэлцэгдээгүй л байна. УИХ-д орохын тулд өмнө нь Хууль зүйн байнгын хороогоор орох ёстой. Гэвч ингэж чадаагүй л байна. 

ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ДАРААЛАЛД БАЙГАА

-Долдугаар сарын 1-ний хэрэгт хийсэн дүгнэлт Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр очсоноос хойш ямар ч хэлэлцүүлэгт оролгүй чимээгүй болсон нь ямар шалтгаантай юм бэ?

Хууль Зүйн Байнгын хорооны дарга Д.Одбаяр:

-Би ажлын хэсгийн ахлагчийн өмнөөс ярих боломжгүй. Энэ асуудлыг ажлын хэсгийн ахлагч Ө.Энхтүвшинд хандах хэрэгтэй. Болсон үйл явдлыг Монголын ард түмэн бүгдээрээ мэднэ. Хамгийн гол зүйл нь эндээс сургамж авахад л чухал шүү дээ.

-Мөн нөгөө ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэх ажил танайх дээр гацаад байгаа. Хүний эрхийн дэд хорооны дүгнэлтийг Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэх ёстой биз дээ?

-Байнгын хорооны хэлэлцэх асуудлын дараалалд байгаа.

-Яагаад өнөөдрийг хүртэл хэлэлцээгүй юм бэ?

-Хэлэлцэх асуудлын дараалалд байгаа юм чинь хэлэлцэнэ.

ДОЛДУГААР САРЫН 1-НЭЭС ИЛҮҮ СОНГУУЛИЙН АСУУДАЛ ЧУХАЛ БАЙНА

УИХ-ын гишүүн, УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн ахлагч Ө.Энхтүвшин:

-Долдугаар сарын 1-нээс илүү Сонгуулийн хуулийн асуудал одоо чухал байна. Ингэхээр энэ талаар дараа нь ярьж болно. Дараа ярилцъя.

Б.МАНД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж