Нэг нь хуваа, нөгөөх нь сонго

Хуучирсан мэдээ: 2011.07.01-нд нийтлэгдсэн

Нэг нь хуваа, нөгөөх нь сонго

Ах дүү хоёр бялуу хуваах гээд чадахгүй байсаар сүүлд нь эмээгээрээ яаж хуваах аргаа заалгадаг тухай түүхийг зарим нь мэдэх байх.  Богинохон тул мэддэг байсан ч дахиад яриад өгье. Ах нь “Би том юм чинь чамаас ихийг идэх нь шударга хэрэг” гээд том жижиг хуваах санал гаргана. Дүү нь “Хоёулаа адилхан хувааж авах нь илүү шударга хэрэг. Том жижиг хуваахыг хүлээн зөвшөөрөхгүй” гэнэ. Ингээд тэр хоёрын “шударга” гэх зүйлийг ойлгох нь ялгаатай байсан тул маргалдсаар л байв.

Өнөөдөр ч улс төрийн намууд яг л ах дүү хоёр шиг маргалдаж байна. Сонгуулийн тогтолцоо ямар хольцтой байхаас шалтгаалж аль нам ирэх сонгуульд олон суудал авах вэ гэдэг нь үүнээс л шалтгаалах тул ийнхүү маргалдсаар. “Ах дүү” нарын сонирхол ямар байгаа нь тодорхой. Дээрээс нь аль аль нь илүү ихийг идэхийг хүсч байгаа энэ үед тэд тийм ч амар тохиролцоонд хүрэхгүй нь бололтой. Ийм ашиг сонирхол хаана ч байдаг тул Итали зэрэг оронд парламент нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар бол тухайн парламент биш шинээр сонгогдсон дараагийн парламент уг нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж баталдаг хуулийг ч бодож олж. Уг нь гишүүд маань 2012 оны сонгуулийн тогтолцоог биш, 2016 оны сонгуулийг ямар тогтолцоогоор явуулах вэ гэдгээ ярьж байсан бол жинхэнэ шударга шийдлийг аль хэдийн гаргачих байлаа. Гэвч ийм биш, ашиг сонирхол байсаар байгаа тул өдийг хүртэл маргасаар л суугаа аж. Сонгуулийн тогтолцоог ярьж эхлэх үеэс л энэ сонирхол тодорч эхэлсэн. Тэрнийх нь илрэл тэдний бодож олсон дараах тоонууд.

76:0  Сонгуулийн тогтолцоог өөрчлөх асуудал яригдаж эхлэх үед хамгийн анх бий болсон тоо. Энэ нь УИХ-ын бүх гишүүдийг пропорциональ тогтолцоогоор сонгох тухай. Л.Болд, Д.Лүндээжанцан нарын гишүүдийн тус тусдаа боловсруулсан хуулийн төсөлд энэ тоо гарч ирсэн. Тэр үед намын гишүүдийн эрх ашиг тодорч эхлээгүй байсан тул ийм зоригтой тоо гарч ирсэн. Энэ тоог хамгийн талархалтай хүлээн авагчид ИЗ-НН-ийнхан байв. Тэд пропорциональ тогтолцоогоор сонгууль явуулах нь сонгогчдын өгсөн саналыг парламентийн төлөөлөгчдөд илүү буух гэж тайлбарлаж байгаа. Намын нэрийг дугуйлах энэхүү хувилбар нь намын дарга нараас өөр өрсөлдхүйц улс төрчид багатай “бусад” намуудад л илүү ашигтай удалгүй бүдгэрч эхэлсэн.

0:76 Дээрхээс эсрэгээрээ мажоритар тогтолцоо 100 хувь байх хувилбар. Энэ хувилбарыг дэмжиж бодож олсон хүмүүс одоогийн УИХ-ын гишүүд дотор олон бий. Дөрвөн жилийн хугацаанд жил бүр нэг тэрбум төгрөгийг албан бус сурталчилгаандаа зарцуулсан УИХ-ын гишүүн энэ тохиолдолд шинэ хүнтэй өрсөлдөхөд олон давуу тал үүсэх нь тодорхой гэдгийг мэдэлгүй яах вэ. Энэ хувилбарыг баримтлагчдад ганцхан боломж бий. Тэр нь хоёр тал зөвшилцөж чадахгүй байсаар, сонгуулийн хуульд гар хүрч болохгүй хугацаанд тулах.

50:26 Пропорциональ давамгайлсан сонгуулийн тогтолцооны хувилбар. Ардчилсан намын байр суурь гэгдэж буй. Мажоритарын суудлын тоонд Ардчилсан намын одоогийн гишүүдийн тоо мөн л хамааралтай байдлаар тооцогдсон. Гэвч бага зэрэг буулт хийсэн ч одоогийн парламентад буй гишүүдийн эрх ашигт төдийлөн хохиролгүй тул зөвшилцлийн үр дүнд мөн л бүдгэрэх нигууртай. 

26:50 МАН-ын гишүүдийн гэнэт гаргаж ирсэн тоо. Ардчилсан намын бүлэг албан ёсны байр сууриа илэрхийлсэн өдөр хоцорчих вий гэж айсандаа 50:26 ийн яг эсрэг нь гээд оруулж ирсэн хувилбар. Хэсэгхэн хугацааны дараа 50 дээр нь төвөг үүстэл энэ хувилбар тод байлаа.  

24:52 МАН-ын бүлгийн өмнөх шийдвэрийн залруулга болсон тоо. Өмнө хэлж байсан 50 -ийг одоогийн байгаа том 26 тойрогт шууд хуваах боломжгүй гэдэг нь ойлгогдов. Харин 52 бол яг сайхан хоёр хуваагдана. Ингэснээр тойрог бүрт хоёр гишүүн ванлий. 

38:38 Хоёр тийшээ харсан намуудын дундын хувилбар хэмээгдэж буй. Наймаачид байсан бол аль хэзээний дундаа хийчих үү гээд үүнийг сонгочихсон ч байж мэднэ. ИЗ-НН энэ хувилбарыг хүлээн зөвшөөрч болохуйц пропорционалийн сүүлийн уналт хэмээн мэдэгдсэн. Зөвшилцөөнөөс залхсан АН, МАН -ын цөөнгүй гишүүд ч үүнийг “байж болох л юм” гэж үнэлсэн.  Бүлгүүдийн хатуу байр суурийн бэлгэдэл болсон тоонууд бүдгэрэх тусам энэ тоо тодорно.

44:33 МАН-ын бүлгээс хийж буй буулт. Энэ тоог албан ёсоор ил гаргаж тавиагүй ч хэдийн хэлэлцүүлэгт ороод амжсан. Мажоритарын тооноос 11-ийг золиосонд гаргасан энэ хувилбарыг зүгээр ч нэг бодож олоогүй бололтой. Одоогоор УИХ-д МАН-аас 44 гишүүн байгаа тул энэ хэмжээний суудлыг мажоритар хэлбэрээр явуулах нь хэн намын дотор нэгнийг ялгаварласан хэрэг болохгүй.  Ингээд л “хонь бүрэн чоно цатгалан”. Буулт хийсэн үү гэвэл хийсэн.

Тоо бодож толгойгоо эргүүлж байгаад ах дүү хоёрт эмээ нь ямар арга зааж өгснийг хэлэхээ мартах нь. Эмээ нь “Нэг нь хуваагаад нөгөө нь сонгоод ав” гэсэн юм гэнэ билээ.

Б.МАНД
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж