Оюутнууд ”Сонгдо”-д дадлага хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.07.01-нд нийтлэгдсэн

Оюутнууд ”Сонгдо”-д дадлага хийнэ

“АНАГААХ”-ЫН ОЮУТНУУД “СОНГДО” ЭМНЭЛЭГТ ДАДЛАГА ХИЙНЭ

“Улаанбаатар Сонгдо” эм­нэлэг Эрүүл мэндийн шинж­лэх ухааны их сургууль /ЭМШУИС/-ийн бааз түшиц эмнэлэг, клиникүүдтэй хамт­ран ажиллах гэрээнд өчигдөр гарын үсэг зурлаа. Гэрээнд “Сонгдо” эмнэлгийн ерөнхий захирал Б.Болдсайхан, ЭМШУИС-ийн захирал Ц.Лхагва­сүрэн нар гарын үсэг зурж нээл­тийн ёслолд холбогдох ал­баны хүмүүс оролцсон юм.  Монголдоо оношлогоо эмчил­гээ­гээрээ номер нэг гэгддэг “Сонгдо” эмнэлэг нь тоног төхөө­рөмж, оношлогооны хувьд олон улсын стандартад нийцсэн гэж олон хүн дүгнэдэг. Тиймдээ ч энэ эмнэлгээр үйлчүүлэхийг хүсэгчид дөрвөөс долоо хоно­гийн өмнө дараалал авч үйлчлүүлдэг болжээ. Тэр ч бүү хэл, Улсын клиникийн төв эмнэлэг гал алдсан үедээ тус эмнэлгээр яаралтай шинжилгээ хийлгэх шаардлага гардаг ч гэдэг. Тий­мээс манайх шиг их, дээд сургуулиуд нь төрөлжсөн лабо­ра­тори, дадлагажих багаж хэрэг­сэлгүй  улсад энэ эмнэлэгт эмч болох хүмүүс дадлагажина гэдэг том боломж.

Оюутнуудын хувьд онолоор олж авсан мэдлэгээ дээшлүүлж парактик дээр ажиллах нь чад­варлаг боловсон хүчин боло­ход ач холбогдолтой. Мянга сонсохоор нэг үзэг гэж үг бай­даг шиг онолоор сонссон мэдлэгээ парактик дээр ашиглах нь чухал зүйл. Харамсалтай нь манай их, дээд сургуулиудын хувьд тэр бүр оюутнуудаа хүс­сэн дадлага туршлагыг хурмтлуулах боломж нь ховор. Эрүүл мэндийн шинжлэх ухаа­ны их сургуулийн захирал Ц.Лхагвасүрэн хэлэхдээ “Ийм боломж олдоно гэдэг манай сургуулийн оюутнуудын хувьд их боломж нээгдлээ. Оюутнуудад дадлага туршлага хуримтлуулж мэдлэгээ зузаатгах боломж ол­гож байгаа нь боловсролын салбарт оруулж буй үнэтэй хувь нэмэр гэдгийг онцолмоор байна. Эрүүл мэндийн салбарт ажилладаг хүмүүс хариуцлага өндөртэй болж Монголын эрүүл мэндийн салбарын шинэ бү­хэнтэй хамтарч ажиллаж бай­гаадаа баяртай байна” гэж байсан.

Гэрээний дагуу оюутнууд хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй, чадварлаг бо­лов­­сон хүчинтэй “Сонгдо” эмнэлэгт дадлага хийснээр ту­хайн эмнэлгийн шинэ тоног төхөөрөмжийг ашиглан үзлэг оношлогоо хийж дадлагажих боломж­тойгоос гадна эмч, эмнэ­лэгийн мэргэжилтнийг бэлт­гэх, мэргэжил эзэмшүүлэх, боловсон хүчний мэдлэг сайж­руулах зорилготой юм байна. Энэ үйл ажиллагааг эрүүл мэндийн салбарт оруулж буй томоо­хон хөрөнгө оруулалт гэдгийг сайшаах хүн олон бай­сан. “Сонгдо” эмнэлэг нь бай­гуу­лагдсан цагаасаа эх­лэн шинэ шинэ технологийг Монгол Улсад нэтрүүлсээр ирсэн бөгөөд тус эмнэлэгт Солонгосын алдар­тай эмч Чой үр тогтоох технологийг нэвтрүүлсний буя­наар 40 гаруй эмэгтэй үрийн зулай үнэрлэх болсон талаар бид мэдээлж байсан. Үр тогтоох ажиллагааг хийдэг эмнэлэг Улаанбаатарт хоёр байд­гийн нэг нь “Сонгдо” эмнэлэг.

 ЭМШУИС-ийн оюутнууд дадлагажихаас гадна хоол боловс­руулах эрхтэний эмгэг судлал, зүрх, дүрс оношлогоо, мэс засал, дуран /ходоод, бүдүүн, шулуун гэдэсний/-ийн чиглэлээр тусгай сургалтанд хамрагдах боломжтой юм байна.  Техник тех­нологи хөгжхийн хирээр чадварлаг боловсон хүчин бэлт­гэх нь их, дээд сургуулийн үүрэг гэхэд болно. Орчин үеийн мэс заслын шарх, сорви багатай хийх хамгийн шинэлэг арга бол дурангийн хагалгаа. Энэ хагалгааг “Сонгдо” эмнэлэгт хий­дэг болсноор олон хүн энэ аргаар хагалгаанд ордог болсон гэнэ.  ЭМШУИС-ийг төгссөн болон төгсөх ангийн оюутнууд эдгээр сургалтанд хамрагдаж мэдлэгээ дээшлүүлэх бо­ломж­­тойг “Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн захирал Б.Болдсайхан гарын үсэг зурах ёсло­лын үеэр хэлж байсан. Гэрээнд гарын үсэг зурснаас эхлэн энэхүү ажиллагаа хэрэг­жиж эхлэх бөгөөд ирэх намраас дараа дараагийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн хамтарч ажил­ла­хаар боллоо.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж