“Улаанбаатар Сонгдо” эмнэлэг Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль /ЭМШУИС/-ийн бааз түшиц эмнэлэг, клиникүүдтэй хамтран ажиллах гэрээнд өчигдөр гарын үсэг зурлаа. Гэрээнд “Сонгдо” эмнэлгийн ерөнхий захирал Б.Болдсайхан, ЭМШУИС-ийн захирал Ц.Лхагвасүрэн нар гарын үсэг зурж нээлтийн ёслолд холбогдох албаны хүмүүс оролцсон юм. Монголдоо оношлогоо эмчилгээгээрээ номер нэг гэгддэг “Сонгдо” эмнэлэг нь тоног төхөөрөмж, оношлогооны хувьд олон улсын стандартад нийцсэн гэж олон хүн дүгнэдэг. Тиймдээ ч энэ эмнэлгээр үйлчүүлэхийг хүсэгчид дөрвөөс долоо хоногийн өмнө дараалал авч үйлчлүүлдэг болжээ. Тэр ч бүү хэл, Улсын клиникийн төв эмнэлэг гал алдсан үедээ тус эмнэлгээр яаралтай шинжилгээ хийлгэх шаардлага гардаг ч гэдэг. Тиймээс манайх шиг их, дээд сургуулиуд нь төрөлжсөн лаборатори, дадлагажих багаж хэрэгсэлгүй улсад энэ эмнэлэгт эмч болох хүмүүс дадлагажина гэдэг том боломж.
Оюутнуудын хувьд онолоор олж авсан мэдлэгээ дээшлүүлж парактик дээр ажиллах нь чадварлаг боловсон хүчин болоход ач холбогдолтой. Мянга сонсохоор нэг үзэг гэж үг байдаг шиг онолоор сонссон мэдлэгээ парактик дээр ашиглах нь чухал зүйл. Харамсалтай нь манай их, дээд сургуулиудын хувьд тэр бүр оюутнуудаа хүссэн дадлага туршлагыг хурмтлуулах боломж нь ховор. Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн захирал Ц.Лхагвасүрэн хэлэхдээ “Ийм боломж олдоно гэдэг манай сургуулийн оюутнуудын хувьд их боломж нээгдлээ. Оюутнуудад дадлага туршлага хуримтлуулж мэдлэгээ зузаатгах боломж олгож байгаа нь боловсролын салбарт оруулж буй үнэтэй хувь нэмэр гэдгийг онцолмоор байна. Эрүүл мэндийн салбарт ажилладаг хүмүүс хариуцлага өндөртэй болж Монголын эрүүл мэндийн салбарын шинэ бүхэнтэй хамтарч ажиллаж байгаадаа баяртай байна” гэж байсан.
Гэрээний дагуу оюутнууд хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй, чадварлаг боловсон хүчинтэй “Сонгдо” эмнэлэгт дадлага хийснээр тухайн эмнэлгийн шинэ тоног төхөөрөмжийг ашиглан үзлэг оношлогоо хийж дадлагажих боломжтойгоос гадна эмч, эмнэлэгийн мэргэжилтнийг бэлтгэх, мэргэжил эзэмшүүлэх, боловсон хүчний мэдлэг сайжруулах зорилготой юм байна. Энэ үйл ажиллагааг эрүүл мэндийн салбарт оруулж буй томоохон хөрөнгө оруулалт гэдгийг сайшаах хүн олон байсан. “Сонгдо” эмнэлэг нь байгуулагдсан цагаасаа эхлэн шинэ шинэ технологийг Монгол Улсад нэтрүүлсээр ирсэн бөгөөд тус эмнэлэгт Солонгосын алдартай эмч Чой үр тогтоох технологийг нэвтрүүлсний буянаар 40 гаруй эмэгтэй үрийн зулай үнэрлэх болсон талаар бид мэдээлж байсан. Үр тогтоох ажиллагааг хийдэг эмнэлэг Улаанбаатарт хоёр байдгийн нэг нь “Сонгдо” эмнэлэг.
ЭМШУИС-ийн оюутнууд дадлагажихаас гадна хоол боловсруулах эрхтэний эмгэг судлал, зүрх, дүрс оношлогоо, мэс засал, дуран /ходоод, бүдүүн, шулуун гэдэсний/-ийн чиглэлээр тусгай сургалтанд хамрагдах боломжтой юм байна. Техник технологи хөгжхийн хирээр чадварлаг боловсон хүчин бэлтгэх нь их, дээд сургуулийн үүрэг гэхэд болно. Орчин үеийн мэс заслын шарх, сорви багатай хийх хамгийн шинэлэг арга бол дурангийн хагалгаа. Энэ хагалгааг “Сонгдо” эмнэлэгт хийдэг болсноор олон хүн энэ аргаар хагалгаанд ордог болсон гэнэ. ЭМШУИС-ийг төгссөн болон төгсөх ангийн оюутнууд эдгээр сургалтанд хамрагдаж мэдлэгээ дээшлүүлэх боломжтойг “Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн захирал Б.Болдсайхан гарын үсэг зурах ёслолын үеэр хэлж байсан. Гэрээнд гарын үсэг зурснаас эхлэн энэхүү ажиллагаа хэрэгжиж эхлэх бөгөөд ирэх намраас дараа дараагийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн хамтарч ажиллахаар боллоо.