Саятнууд эрсдэл хийдэг

Хуучирсан мэдээ: 2011.07.01-нд нийтлэгдсэн

Саятнуудын хувийн хөрөнгийн нийт дүн нь 42,7 их наяд боллоо гэж  Global Wealth Report гэх жил тутмын илтгэлийг бүтээгчид тооцоолжээ. Саятнуудынхаа тоогоор Ази Европыг ардаа орхив. Оросын саятнууд 13,6 хувиар нэмэгдэн 133 700 болжээ. Хөрөнгөтэй хүмүүс эрсдэлтэй хөрөнгө оруулалт хийх хандлагатай болсныг шинжээчид хэлж байна.
Долларын саятнуудын тоо өнгөрсөн жилд 8,3 хувиар нэмэгдэн одоо дэлхий 10,9 сая саятантай болсон байна. Энэ жил тутмын судалгаагаа Capgemini SA ба Merrill Lynch Global Wealth Management  гаргажээ.  Компаниудын тоймоос харахад дэлхийн хөрөнгийн зах зээлийн хөрөнгөжилт өнгөрсөн жилийн дотор 18 хувиар нэмэгджээ.
Одоо Ази саятнуудынхаа тоогоор Европыг гүйцэн түрүүлж байна. Ази Номхон далайн бүсэд хөрөнгөтэй хүмүүсийн тоо жилийн дотор 9,7 хувиар нэмэгдэн 3,3 сая саятантай болсон байв. Европын жагсаалт 6,3 хувиар нэмэгдсэн бөгөөд тэнд 3,1 сая хөрөнгөтөн амьдарч буй. Хойд Америкийн хувьд саятнууд 8,6 хувиар нэмэгдэж 3,4 сая болжээ.Орост саятнууд 13,6 хувиар өсөн 133 700 хүн болжээ. Тэдний нийт хөрөнгийг шинжээчид гаргаагүй байсан ч оросууд тансаглах нь их байгааг дурьдсан байна.

Merrill Lynch-ийн аргачлалаар тооцоонд авсан хөрөнгөд орон гэр ба хувийн цуглуулгын хэмжээг оруулсангүй. Саятнуудын нийт хөрөнгө 42,7 их наяд болоод хямралын өмнөх 2007 оны 40,7 их наяд гэдгээс давжээ. Нэг сая ам.доллараас дээш хөрөнгөтэй  хүмүүсийн 53 хувь нь АНУ, Герман, Японд амьдарч байгаа ажээ. Африкийн саятнууд 11,1 хувиар нэмэгдсэн гэнэ.

2010 оны сүүл рүү саятнууд хөрөнгө оруулалтынхаа 33 хувийг хувьцаагаар барьж байсан нь өмнөх жилийнхээс дөрвөн хувиар их байв. 

Депозитийн нийт хэмжээ 2009 оны 17 хувиас 2010 онд 14 болон буурчээ. Үнэт цаасны хувь бас буурч 31-29 хувь болсон байна. Ижил төстэй хөрөнгө оруулалтуудаас саятнууд барааны зах зээлийг илүүд үзлээ. Түүхий эдэд оруулах хөрөнгө оруулалтаа өмнөх жилийн 16 хувиас 2010 онд 22 хувь болгон саятнууд нэмэгдүүлсэн байв. Ази, Номхон далайн бүсэд япончуудаас бусад саятнууд үл хөдлөх хөрөнгийг худалдан авахаа үргэлжлүүлж байна. Үл хөдлөх хөрөнгийн худалдаа 31 хувь хүртэл өссөн нь дэлхийн дунджаас (19%) илүү гарчээ.

Сүүлийн хэдэн жилд хөрөнгөт­нүүдийн тооноос гадна хөрөнгийнх нь бүтцэд ноцтой өөрчлөлт гарлаа хэмээн U.S. Wealth Management and the Private Banking & Investment Group, Merrill Lynch Global Wealth Management-ийн удирдагч Жон Тиль хэлж байна. “2010 онд өмнөх жилтэй нь харьцуулбал саятны тоо өсөх хандлага буурлаа” хэмээн тэрээр дүгнэв. Азийн хөгжиж байгаа эдийн засаг хурдаараа Европоос их байгаа нь Азийн ажил хэрэгч хүмүүсийн амжилтыг бүрдүүлж байна. Евро бүсийн орнуудын эдийн засгийн өсөлтийн хурд 2010 онд 1,8 хувиар өссөн, энэ жил хоёр хувь хүрэх магадлалтай байгаа. Харин Азийн хөгжиж буй орнууд 9,6 хувиар өссөн ба энэ онд 8,4 хувиар нэмэгдэнэ гэсэн тооцоо байгаа.

“Азийн хөрөнгө оруулагчид ев­роп­чуудыг бодвол хурдан нэмэгдэж байгаа нь  хөгжиж буй эдийн засаг хурдтай, эрсдэл хийх боломжтойг ха­руулж байна. Азийн хөрөнгө оруу­лагчдын баяжсан амжилт нь эрсдэл хийсний шан юм” гэж Axioma Wealth Management AG гэх Оросын төвийн удирдагч Георгий Гнучев хэлэв.

Африкийн хөрөнгөтнүүдийн тоо нэмэгдсэн нь үнэт металлын үнэ ханштай холбоотой. Тивд байгалийн маш их баялаг бий бөгөөд баруунаас хөрөнгө оруулалт тийш урсаж байна. “Хөрөнгө оруулагчид тийшээ орохоос айхгүй байгаа ба тэд Африкт үнэт цаасны зах зээл үүсгэх босгон дээр зогсож байна. Хөрөнгө оруулагчид ашигт малтмалын ордуудыг эзэмшинх, орон нутгийн аж үйлдвэрийг хөгжүүлэхэд мөнгө оруулж байгаа бөгөөд ийм эрсдлийн төлөө тэд том шангаа хүртэж байна” хэмээн Гнучев тайлбарлав.

Ш.МЯГМАР

Зохиогчийн эрх: "Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж