Хэдэн зуунаар тоологдох аугаа түүхтэй Японы мэргэжлийн сүмо бөхийн дээд зиндаанд Монгол бөх Хакухо М.Даваажаргал 33 түрүүлэн, дээд амжилт тогтоолоо.
Сумогийн 48 дахь Ёкозүна Тайхо өмнө нь 1971 оны нэгдүгээр сард 32 дахиа түрүүлж байсан бол ийнхүү Монголын хүчит хөвгүүдийн нэг энэ түүхт амжилтыг эвдлээ. Тэрээр нэгдүгээр сарын Хацү башёгийн 13 дахь өдөр озэки Кисэносатог давснаар энэ болзлоо хангасан юм. Харин өнөөдөр буюу тэмцээний сүүлийн өдөр Их аварга Хакүхо 71 дэх аварга Какүрю М.Анандтай барилдаж давснаар энэ сард нэг ч уналгүй 15 давсан бахдам амжилтаар башёг дуусгаж байна.
Өнөөдрийн энэхүү түүхэн барилдааныг нийт монголчууд дор бүрнээ шимтэн үзэж, их аваргаараа бахархан суусан биз ээ. Харин сүмо сонирхогчид, их аварга М.Даваажаргалын найз нөхөд нэг дор цуглан, аваргынхаа Эзэн хааны цом гардах агшныг хамтдаа хуваалцав.
Бид энэ үеэр тэдний сэтгэгдлийг сонслоо. Их аваргаа дэмжихээр цугласан олны дунд олимпийн аварга Э.Бадар-Ууган, Гавьяат тамирчин Б.Наранбаатар, улсын арслан Х.Мөнхбаатар, Японы мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд барилдаж байсан Моконами Г.Базарсад, Токүсэгава Б.Ганболд нарын олон тамирчид хүрэлцэн ирсэн байлаа.