Грекчүүд европыг түгшээж байна

Хуучирсан мэдээ: 2011.07.01-нд нийтлэгдсэн

Грекчүүд европыг түгшээж байна

Тус орны эдийн засгийн хувьд чухал шийдвэр болох хямралтай тэмцэх хуулийн төслийг баталж байх үеэр Афин хотноо үймээн сэргэлээ. Парламентын байрны дэргэд жагсагчид цагдаагийнхан руу довтолж, төрийн албан хаагчид нь ажил хаяж байна. Жуулчны оргил улирлаар жуулчид Грект очиж чадахгүй болов.

Төсвийн зардлаа эрс бууруулах гэсэн Засгийн газрын төлөвлөгөөний эсрэг үйлдвэрчний эвлэл энэ долоо хоногийн эхнээс өргөн цар хүрээтэй ажил хаялт явуулж байна.  Төрийн байгууллагууд болон банкууд хаагдсан. Сэтгүүлчид бас ажилласангүй. Эмнэлэгт зөвхөн жижүүрийн ажилтнууд л үүргээ гүйцэтгэж байна. Ажил хаягчидтай санал нэг гэдгээ харуулан тус орны нисэх буудлууд дөрвөн цагаар ажлаа зогсоов.

“Олон түмэн ажил хаялтад оролцож байгаа гэнэ үү? Ийм олон хүн ажилтай гэж бодсонгүй” хэмээн Twitter-т holden_globus-ийн нэгэн грек хэрэглэгч егөөдсөн байна. Эдийн засгийн хүндхэн хямрал Грект ажилгүйдлийг эрчтэй өсгөсөн юм. Зардал хэмнэх шинэ хуулийг баталснаар ажилгүйдэл улам нэмэгдэнэ гэж үйлдвэрчний эвлэл сануулж байна.
Лхагва гаригт парламент нь зардлыг 28 тэрбум еврогоор багасгах хуулийн төслийг хэлэлцээд эхэлсэн юм. Энэ хуулийг батлахгүйгээр тус орны дампууруулахгүй хэмээн ОУВС-гаас өгч байгаа 110 тэрбум долларын зээлийн ээлжит транш 12 тэрбумыг Грек авч чадахгүй байна. Эрх баригч олонхийн байдал эмзэг мөн эрх баригч ПАСОК намын хэдэн депутатууд энэ хуулийн төслийг дэмжихгүй байгаа ч хууль батлагдах бололтой.

Хуулийн төслөөр Грек татвараа нэмж, тэтгэврийг хасна. Ойролцоогоор 150 мянга орчим төрийн албан хаагчдын орон тоог цомхотгоно. Улсын үйлдвэр газруудын үнэ тариф өсөхөөс гадна хотуудын нийтийн тээврийн тасалбарын үнэ нэмэгдэх юм байна.

Энэ лхагва гаригт жагсагчид депутатуудыг ордонд нь оруулахгүйн тулд парламентын байрыг бүслэн хаана гэж амласан байв. Гэвч эхлээд хүмүүс цөөн байснаас тэр оролдлого нь бүтсэнгүй, цагдаа тэднийг хөөн тараасан байлаа. Гэхдээ эсэргүүцэгсэд үйлдлээ их хүчээр давтахаар амлажээ. Афинд эсэргүүцэл эхлэхийн өмнө жагсагчид цагдаагийнхантай мөргөлдөв. Guardian сонинд гэрч нар ярьснаар цагдаа нар Сангийн яамны байрны дэргэд жагсагчдын эсрэг нулимс асгаруулах хий хэрэглэжээ. Бараг 20 орчим мянган хүн цагдаа нарын зүг чулуу нүүлгэсэн байна. Мөн “Молотовын коктейль” гэж нэрлэгдсэн шатах шингэнтэй шил шидэлжээ. Хэтэрхий даварсан хандлагатай эсэргүүцэгсэд нэн түрүүнд автомашин шатааж байсан ба бараг 40 орчим цагдаагийн ажилтан гэмтжээ.

Грекийн үймээн самуун жуулчны улиралд нөлөөлөх магадлалтай болов. Ажил хаялтын улмаас олон улсын хэдэн арван нислэг хойшлогдлоо. Грекийн зөвхөн нэг нисэх компани Aegean Airlines лхагва гаригт 31 нислэгээ өөрчилж, 82 нислэгийг хойшлуулсан байна. Тэдний бараг тал хувь нь Лондон, Ром, Мадрид, Берлин зэрэг хот руу хийх олон улсын нислэг байжээ.

Нисэхийн компаниуд Грект тогтмол болоод байгаа ажил хаялтад дасаад байгаа. Грек диспетчерүүд бусад гадныхан шиг 48 цагаар ажлаа хаядаггүй, өдөртөө хэдэн цаг л ажлаа зогсоодог. Нислэггүй үеийг өмнөөс зарладаг учир компаниуд нислэгийн хуваарьтаа өөрчлөлт хийдэг аж.
Тухайлбал, тэд лхагва гариг гэхэд л өглөөний 8-12 цаг орой 18-22 цагын хооронд ажил хаяжээ. Мөн усан замын боомтуудын ажил хаялт тасалдаж байна.

Грек олон жилийн турш нийгмийн тогтворгүй байдалд байна. 2008 оны эдийн засгийн хямрал тус оронд маш хүндээр туслаа. Гадаад зээл их тавьсан ч Грек хямралтай тэмцэж чадаагүй юм. Мөн энэ цагаар цагдаагийн тэнэсэн суманд өсвөрийн насны Александрос Григоропулос гэх залуу амиа алдсаны улмаас улс орон даяар эсэргүүцэл гарч хэт зүүнийг барьсан залуус гудамжинд машин шатааж мөн дэлгүүр хоршоо банкуудыг галдан сүйтгэсэн билээ.

 Удалгүй тэдний эсэргүүцэлд үйлдварчний эвлэл оролцон Засгийн газрын неолиберал бодлогыг эсэргүүцлээ. Ажил хаялт ба залуусын үймээн улс төрийн хямралд хүргэв. Социалистууд Засгийн газрыг огцруулах эсэргүүцэлд нэгдсэн юм. Ээлжит бус сонгууль явагдаж, 2009 онд социалистууд Засгийн газраа байгуулсан ч санхүүгийн хямрал гүнзгийрсээр байв. Европын холбооны орнууд төсвийн алдагдлыг нөхөхийн тулд зардлаа багасгахыг шаардан зөвхөн тэр нөхцөлд л Афинд санхүүгийн зээл үзүүлнэ гэж байгаа билээ.
Хамгийн сүүлчийн мэдээгээр Грекийн парламентын гишүүд 155:138 гэсэн харьцаатайгаар дампуурлаас аврах хуулийг баталжээ. Шинэ хуулийн дагуу ойрын таван жилийн дотор 28 тэрбум евро хэмнэх арга хэмжээ авна. Мөн татвар 14,6 тэрбум еврогоор нэмэгдэж, төсвийн алдагдал 14,32 тэрбум еврогоор буурах юм.

Грекийн хувьчлал

Грекийн Засгийн газар төрийн зардлыг эрс багасгахын зэрэгцээ өргөн цар хүрээтэй хувьчлалыг явуулахаар төлөвлөжээ. Шуудангийн  хадгаламжийн банк, Грекийн холбоо, үндэсний эрчим хүчний байгууллагууд дахь Засгийн газрын хувийг хувь хүмүүст ойрын үед зарахаас гадна хонжворт сугалаа, казино, төв морин тойруулга, боомтууд ба шуудан, байгалийн хийн болон никелийн монополиуд, нисэх буудлуудын  улсын хувийг худалдах юм. Үүний зэрэгцээ дэлхий даяар алдартай далайн эргийн наранд шарлагын газруудад хэдэн мянга га талбайг Засгийн газар худалдахаар шийдсэн байна.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж