Хуучирсан мэдээ: 2010.04.19-нд нийтлэгдсэн

Таж Махал

Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хоттой зэргэлдээ орших Агра хотод дэлхийн сая сая жуулчдыг соронзон мэт татах Таж Махал цогцолбор сүндэрлэдэг. Моголын эзэнт гүрний угсаа залгамжилсан тав дахь хаан Шах Жахан болон түүний хоёр дахь хатан Мумтаз Махал нарын үнэнч хайр дурлалын түүхийг өгүүлэх энэ бунхан зуун зууны туршид олон хөлийн жуулчдын нүдийг хужирлаж, үзэсгэлэн тансаг төрхөө хадгалан он жилийг элээсээр буй. Энэтхэгийн хааны ордны их моголчуудын уран барилгын хамгийн гайхалтай, тод жишээ болох Таж Махал перс, энэтхэг болон исламын уран барилгын хэв маягийг өөртөө агуулсан агуу байгууламж юм.
Ертөнцийн өнөө үеийн долоон гайхамшгийн нэгд тооцогддог алдарт Таж Махалын түүх нь 1526-1858 онд Энэтхэгийг төрийг барьж байсан Моголын засаглалтай холбоотой. Таж Махалыг анх Моголын эзэнт гүрний хаан Шах Жахан хамгаас хайрт хатан Мумтаз Махалын мөнхийн дурсгалд зориулан босгожээ. Мөнхийн хайрын бэлгэдэл гэгддэг Таж Махал “Титэм ордон” гэсэнтэй утга дүйцдэг. Хаан нөхрөө байнга дагалдаж, аян дайнд морддог байсан “Ордны чимэг” буюу Мумтаз Махал хатан 1631 онд 39 настайдаа 14 дэх хүүхдээ төрүүлээд насан эцэслэсэн байна. Хэдийгээр хаан олон сайхан хатадтай байсан ч үзэсгэлэн гоо төгөлдөр, залуу хатан Мумтаз Махалд чин сэтгэлийн угаас хайртай байсан учир бусад хатдаа үл тоодог байсан гэлцдэг. Хайрт хатныхаа цэцэн саруул ухаан, мэдлэг боловсролыг түшиглэж, 19 жил хамт амьдарсан хаан, хатан хоёрын дурлал үнэхээр үлгэр мэт байжээ. Аян дайны үеэр энхрий хатнаа алдсан Шах Жахан хаан туйлын ихээр уй гашууд автаж, хэдхэн сарын дотор үс, сахал нь цайж, хатныхаа шарилын өмнө “Чамайгаа мөнхжүүлэхийн тулд бүхнийг хийнэ” хэмээн андгайлсан гэдэг.
Ийнхүү хаан “Таж Махал”-ыг барихаар сэтгэл шулуудаж, олон орны шилдэг уран барилгачдыг дуудан ирүүлж, шалгаруулсны эцэст Ираны уран барилгач Устад Ахмад Лахауригийн зураг төслийг сонгож, Ямуна мөрний сав газарт барилгын ажлыг эхлүүлжээ. Мумтаз Махал хатныг насан эцэслэснээс хойш нэг жилийн дараа буюу 1632 онд Таж Махалын барилгын ажил эхэлж, 20 мянга гаруй дархчид, урчууд 22 жил тасралтгүй хөдөлмөрлөж, хааны хүслийг гүйцэлдүүлжээ. 1648 онд гол мавзолейн ажил дуусч, харин таван жилийн дараа буюу 1653 онд цагаан гантиг чулуун бунхныг тойрон байрлах бусад барилгууд болон цэцэрлэгт хүрээлэнгийн ажил бүрэн дууссан байна. Үзэсгэлэн төгс Мумтаз Махал хатныг амьд байхад хаан түүнд дөрвөн амлалт өгч байсан аж. Нэн түрүүнд Тажийг барих, хоёрдугаарт дахин гэрлэх, гуравдугаарт үр хүүхдүүдтэйгээ эелдэг харьцах, эцэст нь жил бүр Мумтазын нас барсан өдөр түүний шарил дээр очиж байхаар ам гарсан боловч хаан эхний болон хоёр дахь амлалтаа л биелүүлжээ.
Эр хүн хайртынхаа хойноос гунихдаа унагасан цагаан гантиг нулимс бол Таж Махал гэдэг. Хосгүй сайхан энэ байгууламж таван үндсэн элементээс бүрддэг. Дарваза буюу их хаалга, Багича буюу цэцэрлэгт хүрээлэн, Масжид буюу сүм, Наккар Хана буюу амралтын өргөө, эцэст нь гол барилга болох Рауза буюу Таж юм. Энэтхэгийн сор болсон бүхий л дээжсийг өөртөө агуулсан Тажийн нэр нь Титэм гэсэн утгатай. Таж бөмбөгөр оройн хамт 74 метр өндөр, диаметр нь 64 метр бөгөөд дөрвөн буланд харуулын цамхаг мэт 40 метр өндөртэй суваргуудыг бага зэрэг гадагш хазайлган босгосон нь хүчтэй газар хөдлөлтийн үед гол барилгын зүгт бус гадагш нурахаар төлөвлөгджээ. Бөмбөгөр орой нь барилгын их биеийн адил цагаан гантигаар хийгдсэн бөгөөд нарны гэрэлд өнгө өнгөөр туяаран Тажийг улам ч хосгүй харагдуулдаг. Өнгө нь улирал бүр, өдрийн цаг бүрт өөрчлөгдөж байдаг нь нарны гэрлийн буух өнцгийг нарийн тооцоолсонтой холбоотой аж. Яг л эрдэнийн чулуу мэт цагаан гантиганд шигтгэсэн үнэт чулуу сарны гэрэлд гялтганан туяарч ер бусын гоо үзэсгэлэнг цогцлоодог байна. Таж Махал өглөө ягаан туяатай, орой сүүн цагаан өнгөтэй, харин үдэш болж саран туяарахад алтан шаргал өнгөөр гэрэлтдэг нь эмэгтэй хүний сэтгэлийн хөдөлгөөнийг илэрхийлж буй хэрэг хэмээн тайлбарладаг. Гол барилгын дотоод хана болон адарт шигтгэмэл зураг болон төрөл бүрийн үнэт чулууг товойлгон шигтгэж, хээлсэн ба шалыг шатрын хөлөг мэт харагдахаар бодож хар, цагаан өнгийн гантиг чулуугаар хийжээ. Түүнчлэн исламын уран барилгад элбэг тохиолдох геометрийн дүрс, ургамал навч, цэцэг хуар энд тэндгүй харагдана. Цогцолборын их хаалганы оройд Таж Махалыг барьсан жилийн тоогоор 22 цамхаг титэмлэх бөгөөд хуримын шөнөө хүлээж буй гивлүүртэй сүйт бүсгүй адил сэтгэгдэл төрүүлдэг гэнэ. 95 м.кв талбай бүхий гол барилга нь дээрээ бөмбөгөр орой бүхий дөрвөн хэсгээс бүрдэх агаад эдгээр нь гэр бүлийн дөрвөн гишүүнд зориулагджээ. Харин талбайн төв хэсэгт 1.5х2.5 метр хэмжээтэй тэгш өнцөгт хэлбэр бүхий гантиг чулуун дээр Мумтаз Махал хатны бунхан оршдог. Бунхны суурь болоод авсны хэсгийг төрөл бүрийн үнэт чулуугаар хээлж чимэглэсэн бөгөөд Мумтаз хатны бунхан гэдгийг илтгэх бичээстэй ажээ. Дашрамд дурдахад, Шах Жахан хааныг хожим нас нөгцсөний дараа харгис хүү Аурангзеб нь аавыгаа Таж Махалын төв хэсэгт хайрт хатных нь дэргэд байрлуулсан байна. Алт, мөнгөн хээгээр чимэглэсэн хаан, хатан хоёрын булш барилгын дотоод хонгилд байрлаж, харин дээд давхарт тэдгээрийг дуурайлган үйлдсэн хоосон бунхан байрлана. Мумтаз хатны бодит бунхны хажуу талд Аллах тэнгэрийн 99 бурхны нэрийг сийлсэн байдаг авай.
Таж Махал гадаад чимэглэлийн хувьд Моголын уран барилгын түүхэнд хамаарагдах хамгийн тансаг, хамгийн гайхалтай нь. Гол барилгын гадна ханыг цагаан гантиг чулуугаар хийж, төрөл бүрийн будаг, шохой, чулуун шигтгээ болон сийлбэрээр чимэглэсэн байдаг. Түүнчлэн лалын шашны ариун судар Кораны ишлэл Таж Махалын үндсэн чимэглэлүүдийн нэг юм. Байгууламжийн цонх болон нуман хэлбэрт хаалгануудад төмөр сараалж хийж, Коран судрын 114 сургаалийн 14-ийг нь гантиг чулуун дээр араб бичгээр сийлэн чимжээ.
Шилдэг уран барилгачдын ур ухаан, олон мянган хүний хөлс хөдөлмөр шингэсэн энэхүү ертөнцийн гайхамшгийг босгоход тухайн үед 32 сая рупи зарцуулсан гэдэг. Таж Махалыг сүндэрлүүлэхийн тулд Энэтхэг болон Азийн орнуудаас материал зөөвөрлөж, 1000 зааныг ашиглаж байсан гэх яриа ч бий. Тунгалаг цагаан өнгөт гантигийг Ражастанаас, Панжабаас хаш чулуу, Хятадаас болор болон ногоолин чулуу, Түвдээс оюу, Афганистанаас хөх номин, Шри-Ланкаас сафир, Арабаас карнель зөөвөрлөж, нийт 28 төрлийн үнэт  болон хагас үнэт чулууг цагаан гантиг чулуун хананд шигтгэсэн байна.
Гол барилгын гадна талд нэмэлт хэд хэдэн бунхан байрладаг нь Шах Жахан хааны бусад хатад болон Мумтаз хатны дотны туслахын бунхан гэнэ. Түүнчлэн гол барилгын эргэн тойронд Персийн нэрт зураач Чербахын зургаар 300 м.кв талбайд хосгүй үзэсгэлэнт цэцэрлэгт хүрээлэн байгуулж, худаг гарган дотор талыг нь гантигаар өнгөлжээ. Үзэсгэлэнт усан оргилуур бүхий услалтын сувгийг дагуулан агар мод тарьж ургуулсан бөгөөд цэцэрлэгт хүрээлэнд газар газрын хамгийн сайхан 400 төрлийн ургамлын үр суулгасан нь хосгүй үзэсгэлэнг цогцлоох гэснийх. Бунхны өмнөх гонзгой хэлбэрийн цөөрмийн усанд Таж Махал гэрэлтэн ойж, туйлын үзэсгэлэнтэй харагддаг гэнэ. Харин тэргэл сартай шөнө Тажийн чулуун суурь үл үзэгдэж, сарны туяанд Таж Махал агаарт хөвж буй үлгэрийн ордон мэт гайхамшигтай харагддаг аж.
Таж Махал бүрэн цогцолсны дараа Шах Жахан хаан Ямуна мөрний нөгөө эрэгт өөртөө зориулан хар гантиг чулуугаар бунхан бариулахаар төлөвлөж байсан ч Шах Жаханы хүү Аурангзеб хайр дурлалдаа хэт мансуурч, ухаанаа алдсан хаан эцгээ баривчилж, Тажийн яг хажууханд байрлах цайзад хорьжээ. Учир нь Аурангзеб аавыгаа улсын бүхий л хөрөнгө мөнгийг Таж Махалд зориулж, цаашид дахин Хар Таж Махалыг бариулахаар завдаж байсантай холбоотой ихэд дургүйцэж байсан аж. Хорионд ороод төд удалгүй хэвтэрт орсон Шах Жахан хаан Таж Махалыг харж чадахгүйд хүрч, хүүдээ хандан орныхоо дэргэд толь тавьж өгөхийг хүссэн гэдэг. Эцгийнхээ агуу хайрыг шүтэн биширсэн Аурангзеб хожим нь өөрийн хатанд зориулж Таж Махалыг дуурайлган бунхан босгосон боловч тэгш хэмийн харьцаа алдагдаж, хорвоод хосгүй Таж Махал шиг гайхамшгийг бүтээж чадаагүй аж.
Зуун сая гаруй хүний саналаар Ертөнцийн өнөө үеийн долоон гайхамшгийн нэгээр тодорсон Таж Махал 1983 онд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн бөгөөд “Муслим урлагийн шигтгээ болсон Таж Махал нь дэлхийн соёлын өвийн шагшин гайхагдах сод бүтээлийн нэг” хэмээн тэмдэглэгдэн үлджээ.
С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж