Их Юань улсыг үндэслэн байгуулагч, Чингис хааны ач хүү Хубилайн мэндэлсэний 800 жилийн ой энэ онд тохиож байна. Харин энэхүү ойг улс орон төдийгүй олон улсын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлэх уриалгыг ШУА-аас Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан гаргалаа. Хубилай хааныг 1215 оны 9-р сарын 23-нд Хархорум хотын ойролцоо мэндэлсэн гэж түүхчид үздэг. Тэрээр 1271 онд улсын цолыг “Их Юань” хэмээн өөрчилж, Дорно дахин Европийг холбосон худалдааны төвийг цогцлоож, цаасан мөнгө гүйлгээнд гаргаж, “Бичгийн мэргэдийн хүрээлэн”-г байгуулж байсан их хаан юм. БНХАУ энэ жил Хубилай хааны 800 жилийг ойг тэмдэглэн өнгөрүүлж, дэлхий дахинд өөрийн улсын хаан хэмээн сурталчилан таниулах их ажил эхэлсэн гэсэн мэдээлэл байгаа юм. Ямартаа ч тус улсад Юань улсыг судлах тусгай хүрээлэн ажилладаг бөгөөд Хубилай хааны тухай цуврал киног Холливудтай хамтран бүтээж эхлээд байгаа ажээ.
Монголын их хаадын хөрөг Тайваньд хадгалагддаг. Эдгээр хөрөг зургуудыг өөрийн улсад авах боломж төдийлөн байхгүй гэдгийг эрдэмтэд онцолж байна. Одоогоор жинхэнэ хөргийн хуулбарыг Үндэсний музейд хадгалж байгаа юм. Хубилай сэцэн хааны 800 жилийг ойг баяр наадмын гэхээсээ илүүтэй олон улсын эрдэм шинжилгээний их хурал, шинжлэх ухааны судалгаатай томоохон бүтээл зэрэг дэлхий нийтэд сурталчилан таниулах ажлыг хийх хэрэгтэй гэдгийг эрдэмтэд мөн онцолж байгаа юм.