Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ны удирдах дээд байгууллага болох “Их Эе” энэ сард хуралдах тухай сураг саяхнаас дуулдаж эхэллээ. Хэдийгээр өнөөдрийн байдлаар яг тэдэнд, тэнд хуралдана гэсэн албан ёсны тов гараагүй байгаа ч хуралдуулах сонирхол бөхчүүд, бөх сонирхогчдын аль алинд байгаа нь МҮБХ болон бөхийн талаар ярих бүрт анзаарагддаг асуудал юм.
Үүний хамгийн гол шалтгаан нь МҮБХ өнгөрсөн хугацаанд дүрмийн дагуу “Их эе”-ээ хуралдуулсан эсэх, Цэцдийн зөвлөлийн хурлаа хийлгүй, хууль зөрчиж “Их эе”-ийг хийсэн үү гэх асуудал одоо хүртэл шүүхээр нэг мөр шийдэгдээгүй байгаатай холбоотой. Энэ асуудлаас болоод өнөөдрийн МҮБХ-ны удирдлага хууль ёсны эсэх, бүхэл бүтэн дөрвөн жилийн хугацаанд Баянзүрх дүүргэд нэхэмжлэл гаргасан бөхчүүдийн асуудал юунаас болж гацав гээд тодруулах асуудал олон байдаг аж.
Ер нь МҮБХ, монгол бөхийн барилдаан, дүрэм журам, хүрээлэлд шинэчлэл хийх цаг боллоо, Монгол бөхөө шинэчлэе гэсэн үзэл бодол илэрхийлдэг бөхчүүд олон байдаг.
Тэдний нэг болох дархан аварга А.Сүхбат энэ талаар дараах байр суурийг илэрхийлж байна.