
Монгол Улсын Засгийн газар, Европын Комиссын хооронд байгуулах “Цөмийн аюулгүй байдлыг хангах санаачилга” бүсийн төслийн санхүүжилтийн гэрээнд Сангийн яамны Зээл, тусламжийн бодлого, хамтын ажиллагааны газрын дарга Б.Хүрэнбаатар, Европын комиссын Европын хөгжлийн тусламж, хамтын ажиллагааны газрын дарга Маркус Корнаро нар гарын үсэг зурлаа. Монгол Улс Европын комиссоос санхүүжүүлэх 36 сарын хугацаатай 2.5 сая еврогийн өртөг бүс нутгийн төслийг Казакстан, Киргиз, Тажикстан, Туркменистан, Узбекистан улсуудтай хамтран хэрэгжүүлэх юм. Төв Азийн бүс нутаг дахь ураны ашигласан орд газрын аюулгүй байдлыг хангах зорилго бүхий энэхүү төсөл бүсийн хэмжээнд дараах асуудлыг шийдвэрлэхийг зорьжээ. Үүнд,
- Шаардлагатай эрх зүйн зохицуулалтын нийтлэг үндэс суурийг бий болгох
- Үйлдвэрлэлд ашиглагдсан усны цацраг идэвхт бодис болон химийн бохирдлыг хянах хяналтын тогтолцоог бий болгох,
- Цацрагийн (альфа, бета, гамма) болон радоны хэмжээг тодорхойлох техникийн чадамжийг сайжруулах,
- Цацрагийн хамгаалалт, байгаль орчны нөхөн сэргээлт, мониторингийн төлөвлөгөө болон арга зүйн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх,
- Бүсийн хэмжээнд байгаа ураны ашигласан ордын талаархи мэдээллийн санг бий болгох ажээ.
Б.УНДРАЛ