Хувьцаа эзэмшигчид Лондонгийн биржээс татгалзав

Хуучирсан мэдээ: 2011.06.30-нд нийтлэгдсэн

Хувьцаа эзэмшигчид Лондонгийн биржээс татгалзав

Лондонгийн хөрөнгийн биржийн Торонтогийн биржтэй хамтрах төлөвлөгөө биелсэнгүй

Монголын хөрөнгийн биржийг удирдах болсон Лондонгийн хөрөнгийн бирж / LSE /-ийн Канадын “TMX Group”-тэй нэгдэх гэрээ амжилтгүй болжээ. Нэгдэхээр төлөвлөж байсан Лондон, Торонтогийн хөрөнгийн биржийн хувьцаа эзэмшигчдийн хурал өнөөдөр болох байсан ч урьдчилсан санал асуулгаар нийт хувьцаа эзэмшигчдийн гуравны нэг нь Лондонгийн биржийн саналыг хүлээж аваагүй байна. Өөрөөр хэлбэл, 3.4 тэрбум ам.долларын гэрээ хувьцаа эзэмшигчдийн гуравны хоёр хувийн санал авч чадахгүй нь тодорхой болжээ.

Канадчууд LSE-гээс ийн татгалзах болсон нь хувьцаа эзэмшигчдээс гадна, дотоодын хөрөнгө оруулалтын сангуудаас хамаарчээ. Тэд өөрсдөө биржээ авч үлдэх төдийгүй харин ч бүр Лондонгийн биржийг авах саналтай байгаа гэнэ. Юутай ч зургадугаар сарын 24-нд Канадын банк болон тэтгэврийн сангийн  “Maple Group” корпораци Торонтогийн хөрөнгийн биржийн эзэмшлийн эрхийг худалдаж авах санал гаргажээ. “TMX Group”  тус корпорацийн саналд ямар нэгэн тайлбар өгөөгүй ч тэдний саналыг дахин авч үзэхээ мэдэгдсэн байна.

“Лондон, Торонтогийн хөрөнгийн биржийн нэгдэх гэрээ амжилтгүй болоход “Maple Group”-ийн санал нөлөөлсөн” гэж олон улсын хөрөнгийн биржийн мэргэжилтнүүд үзэж байгаа юм. “Лондон, Торонтогийн хөрөнгийн биржийн хувьцаа эзэмшигчид тохиролцоонд хүрч чадаагүй нь харамсалтай” гэж Лондонгийн хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Савиер Ролет мэдэгджээ. Лондонгийн хөрөнгийн биржийн “TMX Group”-тэй нэгдэх төлөвлөгөө бүтэлгүй болсон нь нэр хүндэд нь сөргөөр нөлөөлж болзошгүй гэж ажиглагчид таамаглаж байгаа юм.

Торонтогийн “TMX”-ийн  Ерөнхий захирал Томас Клуэт мэдэгдэлдээ “Бид  “Maple Group”-ийн саналыг дахин хянаж үзэх нь гарцаагүй. Гэвч үүний тулд  Лондонгийн хөрөнгийн биржийн санал болгосон супер саналыг хойш тавихаас өөр аргагүй” гэжээ.  “Maple Group”-ийн удирдлагууд сүүлийн таван долоо хоногийн турш “TMX”-ийн  хувьцаа эзэмшигчдийг Лондонгийн хөрөнгийн биржтэй нэгдэх саналаас татгалзахыг ятгаж,  тэдний супер саналыг сөргүүлэн 3.73 тэрбум ам.доллараар эзэмшлийн эрхийг авах санал тавьсан байна. 

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж