Албан тушаалаа урвуулан ашигласан, татвар төлөхөөс зайлхийсэн, чанар муутай барилга байгууламж ашиглалтад оруулсан, бусдын эд хөрөнгийг завшсан хэрэгт “Нийслэл өргөө” ХХК-ийн захирал Д.Ганзориг нарыг шүүх хурал болж байна. Д.Ганзориг нарын 11 хүнийг шүүх хурал Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд өнөөдөр 09.00 цагт эхэллээ. Д.Ганзориг нарыг Баян-Өлгий аймагт 2012 онд “Багийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд тус аймгийн 13 сумын 30 багийн байрыг барих тендерт шалгарч 30 барилга барих төсвөөр 19 барилга барьсан хэрэгт буруутгаж байгаа. Мөн Хүн ам нийгмийн хамгааллын яамны харъяа “Үндэсний цахим архив”-ын барилга, IV амаржих газрын барилгыг барих мөнгийг төсвөөс авсан ч барилгыг ашиглалтад оруулахгүйгээр мөнгийг хувьдаа завшсан гэж сэжиглэж байгаа юм.