Боксчин Валеро эхнэрээ хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэж байна

Хуучирсан мэдээ: 2010.04.19-нд нийтлэгдсэн

Боксчин Валеро эхнэрээ хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэж байна

Мэргэжлийн боксын хагас дунд жингийн дэлхийн аварга асан Эдвин Валеро эхнэрийнхээ амийг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэн өчигдөр саатуулагджээ. Венесуэлийн цагдаагийн ерөнхий газрын офицер Уилмес Флоресийн хэлснээр Валерогийн эхнэрийн цогцсыг Валенсия хотын нэгэн зочид буудлаас олсон бөгөөд ням гаригт өглөө үүрээр Валеро зочид буудлыг орхин явахдаа үүдний хамгаалагчид би эхнэрээ алчихлаа гэж хэлээд гарсан гэнэ. Валерогийн эхнэр Женнифер Вьера 20 настай байсан бөгөөд цагдаагийн ажилтнууд түүний биеэс хутга мэсний гурван шарх олсон байна. Валеро өдгөө орон нутгийн цагдаагийн хэлтэст саатуулагдаад байгаа ба хэргийн мөрдөөн байцаалт дуусах хүртэл хоригдох ажээ. Уг хэрэгтэй холбоотойгоор Валерогийн өмгөөлөгч Мильда Мора ямар нэгэн мэдээлэл өгөөгүй байна.
Өдгөө 28 настай Валеро Венесуэлийн шилдэг тамирчин бөгөөд цээжин биедээ ерөнхийлөгч Уго Чавезийн хөрөг, мөн шар, хөх, улаан өнгөний хослол бүхий эх орныхоо төрийн далбааны шивээсээрээ ихэд нэртэй юм. Тэрбээр мэргэжлийн боксын рингэнд 27 тулаан хийснээс бүгдэд нь ялалт байгуулж, тэгэхдээ бүх тохиолдолд өрсөлдөгчөө хүнд цохилтоор нам унагажээ. WBA, WBC-гийн дэлхийн аваргын бүс эзэмшиж байсан тэрбээр өмнө нь ч бас эрүүгийн хэрэгт холбогдож, хуулийн байгууллагатай нэг бус удаа орооцолдож байсан ажээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж