Хуучирсан мэдээ: 2011.06.30-нд нийтлэгдсэн

Ховдын ИТХ хуралдлаа

Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн VII хуралдаан зургадугаар сарын 27-ны өдөр тус аймгийн төвд боллоо. Уг хуралдаанаар “Их бүтээн байгуулалт-эрчимтэй хөгжлийн жил”-ийн ажлын явц, үр дүн, аймагт хийгдэж буй хөрөнгө оруулалтуудын үр дүн, гүйцэтгэлд тавих хяналт, цаашдын бодлогын тухай аймгийн Засаг даргын илтгэл, Аймгийн газар зохион байгуулалтын энэ оны ерөнхий төлөвлөгөөнд нэмэлт оруулах тухай илтгэл аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын албаны дарга У.Батзаяагийн илтгэлүүдийг хэлэлцлээ. Мөн аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ой болоход сарын хугцааа үлдээд буй энэ цаг мөчид аймгийн ИТХ ээлжит хуралдаанаараа энэхүү асуудлыг хэлэлцсэн нь энэ удаагийн хуралдааны гол онцлог байлаа. Энэхүү хуралдаанаар тус аймгийн газар зохион байгуулалтын 2011 оны ерөнхий төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах тухай асуудалыг хэлэлцлээ. Ховд аймгийн Засаг даргын илтгэл хэлэлцэх үеэр төлөөлөгчид аймгийн их бүтээн байгуулалтын ажил ид өрнөж төлөвлөгөөний дагуу нэлээд ажил хийгдэж байгаа ч зарим ажлын явц хангалтгүй байгаад, ялангуяа зам, хотын доторх тохижилтын ажил бүрэн хийгдээгүй, цаг хугацаа дөхсөн байгааг анхааруулж санал шүүмжлэл гаргаж, цаашид хэрхэн хурдасгах, ямар боломж бололцоо байгаа талаар үнэтэй санал гаргалаа. Хамгийн гол асуудал МоЭнКо компаний Хөшөөт уурхайгаас аймгийн төсөвт оруулах мөнгө орж ирэхгүй байгаад төлөөлөгчид нэлээд бухимдаж гэрээний дагуу мөнгөө хурдан оруулахыг шахаж шаардах, хариуцлага тооцох талаар санал гаргаж, зарим төлөөлөгчид хуучин гэрээг цуцалж дахин шинээр гэрээ байгуулах нь зүйтэй гэсэн санал гаргажээ.

Түүнчлэн Ховд аймгийн иргэдийн ууж, ундаалдаг Буянт голын хөвөөнд хүнсний ногоо тариалах, голын араар хууль бусаар газар торлох үйл ажиллагаа маш их байгааг нэр заан шүүмжилж зөрчлийг ойрын хугацаанд арилгах нь зүйтэй гэсэн саналуудыг гаргалаа. Тус хуралдаанаар газрын харилцаа, барилга хот байгуулалтын албанаас төлөвлөгөөнд тусгуулахаар оруулсан газруудаас гадна аймгийн ИТХ-ын төлөөлөгчид санал гаргаж сумаас ирсэн саналыг нь үндэслэн Булган сумын хилийн боомтын гаалийн хяналтын бүсийг Алагтолгой багт 12 га газар олгохоор шийдвэрлэсэн байсныг Матгирын хөдөөд 30 га газар олгохоор  өөрчилж, мөн Жаргалант сумын Цамбагарав багт үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар 0,0374 га газрыг дуудлага худалдаагаар худалдахаар шийдвэрлэлээ. 

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах, хадлан ургац, дулаан хангамжийн асуудал зэрэг жил, жилийн ужиг болсон хүндрэлтэй асуудлыг баяр наадмын дундуур орхигдуулахгүй байх талаар хэлэлцлээ. Мөн Ховд их суруулийн кампус буюу оюутны хотхон байгуулах газрыг төлөвлөж, 200 га газрыг оюутны хотхон барих шийдвэр гаргажээ.

Амралт баяр ёслолын үе эхэлж байгаа учраас хүн ажиллаж, амьдарч буй бүхий л байгууллага, аж ахуйн нэгжүүдэд сахилга хариуцлагыг өндөржүүлж, харуулыг үүрэгжүүлж ажиллахыг холбогдох байгууллага сум орон нутгийн удирдлагуудад үүрэг болгож байна.

Г.Пүрэвганьд
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж