хариуцлага тооцно
УИХ-ын гишүүн, Монгол Улсын баатар Э.Бат-Үүл хэвлэлийн бага хурал хийлгэж Ерөнхий сайд, МАН-ын дарга С.Батболдыг огцруулах саналыг гишүүнийхээ бүрэн эрхийн хүрээнд тавилаа.
Тэрбээр УИХ-ын сонгуулийн тухай хуулийн хэлэлцүүлгийг гацаасан буруутан нь МАН гэж мэдэгдсэн юм. Уг хуулийн шинэчилсэн найруулгын анхны хэлэлцүүлгийг УИХ хийж зарчмын зөрүүтэй саналуудыг хэлэлцэх явц дунд МАН-ын Удирдах зөвлөл гэнэтхэн дангаараа шийдвэр гаргаж Сонгуулийн хуулийг гацаажээ. “МАН-ын Удирдах зөвлөл УИХ-ын хууль тогтоох онц бүрэн эрхэд халдсан. Дэгийн дагуу явж байсан хууль батлах ажлыг зогсоосон. Удирдах зөвлөлөөс ийм үйлдэл байнга гарч байсан. Тэгэхээр Монголд төрийн эрх барих дээд байгууллага нь МАН-ын Удирдах зөвлөл үү. 1992 оны Үндсэн хуулиар нам төвтэй тогтолцоог халж төр төвтэй тогтолцоонд шилжүүлсэн. Төрийн үйл ажиллагаанд нам гаднаас нөлөөлөхийг хориглосон. Гэтэл МАН-ын зүгээс “хуулийг ингэж хэлэлц” гэж УИХ-ын онц бүрэн эрхэд халдаж байна. Монгол Улсыг УИХ удирддаг. Үндсэн хуулиар үүнийг тогтоосон. Гэтэл өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөл шийдвэр гаргаж УИХ-д чиглэл өгч байна. Үүнийг өөхшүүлж байгаа хүн нь хамтарсан Засгийн газрын тэргүүн, МАН-ын дарга С.Батболд учраас УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхийн хүрээнд түүнийг огцруулах санал гаргаж байна” гэлээ.
Зөвхөн УИХ төдийгүй хамтарсан Засгийн газрын гэрээг үл тоож нэг намын удлирдлага дангаараа улс төрийн үйл ажиллагааг чиглүүлж байгаа нь санаа зовоож байна гэж Э.Бат-Үүл гишүүн мэдэгдсэн юм. Өнөөдөр л гэхэд МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж сонгуулийн тогтолцооны талаар бүх ард түмний санал асуулга явуулъя гэжээ. Гэтэл энэ саналыг үүнээс өмнө УИХ-ын гишүүн З.Энхболд гаргасан ч МАН-ын бүлэг эсэргүүцэж байсан байна. Ерөнхий сайдыг огцруулах санал нь зөвхөн түүнд хамаатай, үүгээрээ АН, МАН Засгийн газарт хамтрах асуудлыг хөндөөгүй гэж гишүүн хэллээ.
Ингээд Э.Бат-Үүл гишүүн сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-МАН санал асуулга явуулах гэсэн нь цаг хугацаа хожих гэсэн санаа байж болох уу?
-Үүний цаана маш олон улс төрийн тооцоо байна. Ийм нэрийн дор сонгуулийн хуучин тогтолцоогоороо явах гэж байхыг үгүйсгэхгүй. Энэ бол миний таамаг. Үндсэн хуулиараа бол УИХ нийгмийн амьдралыг шийдэх ёстой.
-Ерөнхий сайдад гэснээс УИХ-ын даргад хариуцлага тооцох нь оновчтой бус уу?
-МАН-ын Удирдах зөвлөлд эрхээ шилжүүлсэн Ерөнхий сайд, УИХ-ын даргын аль аль нь хариуцлага хүлээнэ. Гэхдээ УИХ-аас томилогддог албан тушаалтанд хариуцлага тооцох саналыг гишүүнийхээ бүрэн эрхийн хүрээнд тавьж байна. Д.Дэмбэрэл даргад ч хариуцлага тооцох ёстой.
-Та бүлэгтээ саналаа танилцуулсан уу. Ерөнхий сайд огцрох тохиолдолд хамтарсан Засгийн газрын танхим бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорно шүү дээ?
-Бүлэгт танилцуулсан. Дэмжсэн ч гишүүн байна. Дэмжээгүй ч байна. Би хувь гишүүний хувьд санал тавьсан тул бүлгээс зөвшөөрөл авах шаардлагагүй. Ерөнхий сайд огцорвол Засгийн газар огцорно. Түүний дараа яах вэ гэдэг миний тавих асуудал биш. Миний асуудал бол Ерөнхий сайд, МАН-ын даргын Үндсэн хууль зөрчсөн үйлдэлтэй л хариуцлага тооцно гэлээ.
Д.ОЮУН