Хуучирсан мэдээ: 2011.06.30-нд нийтлэгдсэн

Зүрх өвдөж эхэлж байгааг танд хэлж өгөх маш энгийн зовиурууд бий. Харамсалтай нь ихэнх хүн үүнийг тоолгүй явсаар зүрхний өвчнөө хүндэрсэн хойно эмчид ханддаг. Заавал зүрхээр нь хатгуулж, цохилтынх нь хэм алдагдаж эхэлсэн хойно эмнэлэгт ирдэг. Тэгвэл “мотор” тань доголдож эхэлж байгааг сануулах үндсэн шинж тэмдгүүдийг хэлж өгье.


-Хүзүүний булчин чангарч, хөшиж өвдөх. Олон жил хүзүүгээр нь тогтмол өвдсөн хүмүүс яваандаа зүрхний өвчтэй болдгийг судлаачид хэдийнэ нотолсон. Зүрх өөрөө олон тооны артерийн судал бүхий томоо булчин. Энэ булчингийн үйл ажиллагаа доголдохоор биеийн янз бүрийн хэсэгт мэдээлэл очдог. Хамгийн түрүүнд бөгөөд хамгийн соргогоор мэдээлэл авдаг нь хүзүү. Зүүн талын мөр, гар дагаж өвдвөл мэдээлэл улам хүчтэй ирж байна гэж ойлго.


-Сексийн хямралд орох. Энэ нь ялангуяа эрчүүдэд илүү тод илрэх бөгөөд дур тавьж чадахгүй болдог.


-Амьсгаадах, амьсгал боогдож буй мэт мэдрэмж төрөх. Гүйцэд амьсгаа авч чадахгүй байгаа мэт сэтгэгдэл байнга төрж, уртаар санаа алдах. Энэ зовиур эмэгтэйчүүдэд тун түгээмэл илэрдэг. Тэд гэрээ цэвэрлэх, шатаар өгсөх, явган алхах зэрэгтээ амьсгаадаж эхэлдэг. Үүний шалтгаан нь зүрхэн дэх цусан хангамж дутагдсанаас.


-Цээжээр халуу оргих мэт болох. Зарим хүн, голдуу эмэгтэйчүүд хоолойн дээр нь юм тээглээд байгаа юм шиг болдог. Энэ бол зүрхний шигдээсийн хамгийн анхны шинж тэмдэг. Артерийн судсаар гүйх цусны эргэлт саарснаас ийм мэдрэмж төрдөг. Зүрхний аль хэсэг болохоо байж эхэлснээс хамааран цээжний дээгүүр болон доод хэсгээр халуун оргидог.


-Эрүүний яс янгинаж, чихээр хатгуулах мэт өвдөх. Эрүүнээс чих рүү юү, эсвэл чихнээс эрүү рүү өвдөж байна уу гэдгийг оноож хэлэхэд бэрх. Энэ шинж тэмдгийг зүрхний эмч нар их чухалчлан асуудаг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж