
Энэтхэгийн хүний эрхийн төлөө тэмцэгч Сажу Мэтью “Энэтхэг улс 1976 онд боолчлол, мөлжлөгийг хуулиар хориглосон боловч зээлээ төлөх чадваргүй иргэд өрийн барьцаанд орж боолын хөдөлмөр, мөлжлөгийн золиос болох явдал одоо ч арилахгүй байна” гэж мэдэгджээ. Энэтхэгт хамгийн ядуу, бөглүү мужид ажилгүйдлийн хэмжээ асар их бөгөөд ажил олгогчид ажилчдын хэзээ хооллох, амрах, явахыг тэдний өмнөөс шийдэх онцгой эрхтэй байдаг ажээ. Өөрөөр хэлбэл өртэй ажилчны амьдрал ажил олгогч эзнээс бүрэн хамааралтай болдог байна. Ажил олгогчид ажилчдыг хөдөө тосгодоос авчран, урьдчилгаа хөлс өгч тэднийг боолын ажилдаа элсүүлдэг ажээ. Тамил Наду мужийн тоосгоны үйлдвэрт 500 гаруй боол ажилчид байсны дунд эмэгтэйчүүд хүүхдүүд ч байсан гэнэ. Мужийн эрх баригчид уг тоосгоны үйлдвэрийн эзнийг баривчилжээ. Боолчлогдож байсан иргэдэд мужийн захиргаа эмнэлгийн анхны тусламж үзүүлж, Энэтхэгийн засгийн газраас тэдэнд тус бүрт нь мянган рупи олгож, нутаг руу нь буцаасан гэнэ.