Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Хүүхдийн төлөө үндэсний төвөөс хамтран баяр наадмын өдрүүдэд хурдан морь унаж уралдсан хүүхдүүд бэртэж гэмтсэн эсэх асуудлаар мэдээлэл хийлээ. “Үндэсний баяр наадмаар Хүй долоон худагт 7-18 насны 511 уралдаанч хүүхэд 1751 морийг унаж уралдуулсан. Энэ жилийн наадамд стандартын шаардлага хангасан хувцас хэрэглэлийг хүүхдүүдэд өмсүүлэх шаардлагыг тавьж ажилласны үр дүнд уралдаанч хүүхдүүд 100 хувь хамгаалалтын малгайтай уралдсан. Хүй долоон худагт 19 хүүхэд мориноос унаж гурван хүүхэд хүндэвтэр, найман хүүхэд хөнгөн бэртэл аваад байна. Мөн Ховд аймагт хамгаалалтын хувцас хэрэгсэл өмсөөгүй хоёр унаач хүүхэд мориноосоо унаж биеийн байдал нь хүнд байгаа” гэж Хүүхдийн төлөө үндэсний газрын мэргэжилтэн Г.Ойнбаяр мэдээллээ.