“Энэ бол нэн сонирхолтой роман”

Хуучирсан мэдээ: 2011.06.30-нд нийтлэгдсэн

“Энэ бол нэн сонирхолтой роман”

“Independent” сонинд ийнхүү тодотгон бичсэн нэгэн
роман монгол уншигчидтай мэндчилж байна. “Энэ бол нэн сонирхолтой роман.
Монгол орныг зурагласан дүрслэл нь баялаг бөгөөд сэтгэл татам” хэмээн
нэр хүндтэй уг сонинд бичжээ. Британийн зохиолч Майкл Уолтерсийн
“Сүүдрээр алхагч” роман орчуулагч Б.Цацралын орчуулснаар хэвлэгдэн
гарлаа. entertainment.news.mn сайтаар уг зохиолыг цувралаар уншдаг
уншигчдад энэ нь тун таатай мэдээ байх болов уу.

Ээдрээт хэргийн араас мөрдөгчийн хамт мөшгин адал
явдалд хөтлөгдөхийн хажуугаар өнөөгийн Монголын нийгмийг өөрийн нүдээр
зураглан дүгнэсэн зохиолчийн сонирхолтой үгсийг унших боломжийг
“Сүүдрээр алхагч” олгоно. АНУ-ын “Library Journal” уг номыг “Эрдэс
баялаг, бизнесийн төлөөх өрсөлдөөн хүчтэй давалгаалж эхэлсэн төдийлөн
танил бус орны тухай төсөөллийг Уолтер бидэнд өгсөн байна” гэж дүгнэсэн
юм.

“Баялаг гэдэг хэмжээтэй. Гэсэн ч яг одоохондоо
дуусахгүй мэт санагдах арвин нөөцтэй нутагт урьд хожид авч байгаагүй их
алт олборлож, үүнээс ашиг, хувь хүртэхээр хошуурцгааж байна” гэсэн
мөрүүд уг номд бий. Зохиолчийн сэтгэлд манай орон ийнхүү буужээ. Монгол
орныг зурагласан түүний дүрслэл цааш ““Бид коммунист байсан. Гэвч итгэл
үнэмшлээ хэзээ ч алдаж байгаагүй. Буддизмыг нухчин дарсан, гэхдээ хэзээ ч
устаж алга болоогүй. Одоо хэзээ хэзээнээс хүчтэй болон сэргэж байна.
Хүн амын маань бараг тал хувь нь нүүдэлчин малчны амьдралаараа амьдарч
байгаа. Хот хүрээнд оршин суудаг зарим нэг нь ч тийм эрх чөлөөт
амьдралын хэв маягийг мөрөөдсөөр. Гэтэл барууны нөлөө тун эрчтэй орж ирж
байна. Гоё ганган зочид буудал барьж, гадаадын хөрөнгө оруулалтын
урсгал эхэлсэн. Гэхдээ л бид айргаа уусан хэвээр” гэх гол дүрийн баатрын
үгээр үргэлжилнэ. 2006 онд бичигдсэн ч энд дүрсэлсэн энэ мэт нийгмийн
үзэгдэл өнөөдөр бидний тархи, зүрхийг өргөс мэт хүчтэй өвтгөх болсон
билээ. Тиймээс “Сүүдрээр алхагч” ном уншигчдын сэтгэлд лавтайяа нийцэх
буй за.

“Сүүдрээр алхагч” номыг “Интерном”, “Мир”, Улсын их дэлгүүрийн “Мажестик” номын дэлгүүрүүдээр борлуулж байна. suudreeralkhagch@yahoo.com хаягаар номын захиалга өгч болох бөгөөд хаягаар үнэгүй хүргэж өгнө.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж