Хуучирсан мэдээ: 2010.04.19-нд нийтлэгдсэн

АНАТХ хуралдаж байна

Засгийн газар, УИХ-ыг тараах зорилгоор Амлалт нэхэх ард түмний холбоо /АНАТХ/-ноос өлсгөлөн зарлаад байсан долоон хүний өлсгөлөнг албадан тарааж харъяа дүүргийнх нь эрүүл мэндийн нэгдэлд хүргээд дөрөв хонож байна. Хэдийгээр өлсгөлөнд оролцож байсан хүмүүсийг тарааж эмнэлэгт хэвтүүлсэн ч өлсгөлөнгөө зогсоолгүй үргэлжлүүлж байгаа гэдгээ мэдэгдээд байгаа. Өлсгөлөн зарлаж байгаа хүмүүсийн бие нэлээд тамирдсан гэж байгаа.

АНАТХ-ны удирдлага маргааш 11.00 цагт сэтгүүлчдэд зориулан хэвлэлийн бага хурал хийхээр төлөвлөөд байгаа юм байна. Тус хурлаар сэтгүүлчдэд ямар мэдээлэл өгөх талаар АНАТХ одоо хуралдаж байна. Энэ хурлаар юу мэдээлэх нь УИХ-аас томилогдсон ажлын хэсэг өнөөдөр тэдэнд ямар хариу өгөхөөс хамаарах юм. Хэрэв УИХ-ын ажлын хэсэг УИХ-ыг тараах талаар ард нийтийн санал асуулга явуулахгүй гэсэн хариу өгөх тохиолдолд АНАТХ УИХ-д дараагийн ямар шаардлага хүргэж хариу барих талаар хэлэлцэж байгаа ажээ.

АНАТХ дөрөвдүгээр сарын 26-аас буюу ирэх Даваа гаригаас Амлалтыг сануулах долоо хоногийн аяныг Сүхбаатарын талбайд зохион явуулахаас гадна орон нутаг болон Улаанбаатар хотын иргэдийн бүрэлдэхүүнтэй түр зөвлөл байгуулахаар болжээ.

Б.Алтансүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж