БОАЖЯ хурлын төлөөлөгчид хүндэтгэл үзүүлэв

Хуучирсан мэдээ: 2011.06.30-нд нийтлэгдсэн

БОАЖЯ хурлын төлөөлөгчид хүндэтгэл үзүүлэв

Улаанбаатар хотноо болж өндөрлөж буй Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын мэдээллийн агентлагуудын нэгдсэн байгууллагын (ОАNА) Гүйцэтгэх зөвлөлийн 33 дугаар хуралдааны төлөөлөгчдийг БОАЖЯ-наас өчигдөр Чингисийн морьт хөшөө цогцолборт хүлээн авч уулзан, үдийн зоог барив.
БОАЖ-ын дэд сайд Ч.Жаргалсайхан уулзалтын эхэнд тус хурлыг эх орондоо анх удаа амжилттай зохион байгуулж буй МОНЦАМЭ агентлагийн дарга Т.Баасансүрэн болон ОАНА-гийн ерөнхийлөгч Хилми Бенги, дэд ерөнхийлөгч Хаснул Хассан нарт талархал дэвшүүлэв. Мөн энэ удаагийн хуралдаанд оролцож буй 15 агентлагийн 30 гаруй төлөөлөгч нарлаг Монгол оронд тавтай зочлоод буцахдаа манай эх орны тухай өргөн хүрээтэй мэдээллийг дэлхий даяар түгээнэ гэдэгт эргэлзэхгүй байгаагаа илэрхийллээ.

Мөр тэрбээр “Монгол орныг зорин ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, маршрут шинээр бий болгон сурталчлахад хэвлэл мэдээллийн байгууллагуудын гүйцэтгэх үүрэг ямагт өндөр байдаг. Энэ утгаараа Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын мэдээллийн агентлагуудын нэгдсэн байгууллагын Гүйцэтгэх зөвлөл, Редакцийн болон Техникийн зөвлөлийн хуралдааныг Монгол Улсад зохион байгуулж буй нь манай аялал жуулчлалын хөгжилд ихээхэн хувь нэмэртэй үйл ажиллагаа боллоо гэж бид үзэж байна” хэмээн онцлов.

УИХ-аас 2008 онд баталсан Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогод аялал жуулчлалыг 2007-2021 он хүртэл хөгжүүлэх урт хугацааны бодлогыг томъёолж, 2015 он гэхэд Монгол Улсад ирэх жуулчдын тоог нэг саяд хүргэхээр заасан билээ. Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын судалгаагаар 2010 онд зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн жуулчны тоон өсөлт дэлхийн дунджаас хоёр дахин их байжээ. Бүс нутаг дахь энэ салбарын өсөлтийг эх орон руугаа татах, Монгол Улсын ДНБ-нд томоохон байр суурь эзэлдэг тэргүүлэх салбарын дээрх зорилтыг биелүүлэхийн тулд БОАЖЯ-наас “Аялал жуулчлалын үндэсний хөтөлбөр” боловсруулсан. Үндэсний хөтөлбөрийг Засгийн газраар батлуулахаар оруулаад байгаа юм. Монгол орны аялал жуулчлалын салбарын нөхцөл байдал, бодлого үйл ажиллагаатай холбоотой эдгээр мэдээллийг дэд сайд Ч.Жаргалсайхан хуралдаанд хүрэлцэн зочдод танилцуулсан. ОАНА-гийн Гvйцэтгэх зөвлөл нь Ази, Номхон далайн бvс нутгийн 33 орны 42 мэдээллийн агентлагийг эгнээндээ нэгтгэж, дэлхий даяар түгж буй мэдээллийн гуравны хоёр хувийг бэлтгэн цацдаг томоохон байгууллага билээ. Тус байгууллагын гишүүн агентлагуудын бэлтгэн цацах Монгол Улсын тансаг байгаль, өргөн тэнүүн тал нутаг, нүүдэлчин соёл, орчин үеийн хөгжил өрнөж буй Улаанбаатар хотыг харуулсан дүрс мэдээ нь аялал жуулчлалын томоохон сурталчилгаа болох юм.

Уулзалтын төгсгөлд Ази, Номхон далайн бvс нутгийн мэдээллийн томоохон агентлагийнхныг Монгол оронд дахин дахин морилон ирэхийг БОАЖЯ-ны нэрийн өмнөөс дэд сайд Ч.Жаргалсайхан урьж, “Зөвхөн Монголын гэж нэрлэгдэх аялал жуулчлалын давтагдашгүй шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээ, маршрутаар та бүхнийг угтан авах болно” гэв. Зохион байгуулагчдын зүгээс зочдод аялал жуулчлалын бүтээгдэхүүн үзмэрүүд танилцуулж, бэсрэг наадам зохион байгуулж, монгол ахуй соёлын өчүүхэн хэсгээс үзүүлсэн юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж