Хуучирсан мэдээ: 2011.06.30-нд нийтлэгдсэн

Улс
төр халуурах эсэхийг тэр мэднэ. Халууны шил нь хагарч, эсвэл  ямар ч
хэм зааж чадахгүй эвдэрч ч мэдэх юм. Ардчилсан намын дарга, Монгол Улсын
Тэр­гүүн шадар сайд Н.Алтанхуяг уг нь яг өдийд “од” болон гялалзаж явах
учиртай. Харамсалтай нь МАХН, МАН-ын хоорондох “Нэрийн төлөөх дайн”-ы
сүрд дарагдчихаад байна. Н.Алтанхуягийн нам сонгуулийн тогтолцооны
талаар зөвшилцөх эсэх, тэр ч байтугай ямархуу үнэ цэнээр зөвшилцөлд
хүрэх нь хамтарсан Засгийн газар гэдэг “дөнгө”-өөс ихээхэн шалтгаалж
буй. Энэ мөчид Н.Алтанхуяг дарга ямар менежмент хийхээс ирэх сонгуульд
Ардчилсан нам ялах уу, ялагдах уу гэдэг нь тодорхой болох юм. Улмаар улс
төр хэдэн хэм хүртэл халуурахыг Ардчилсан намын дарга л шийдэх
болчихоод байна шүү дээ. Гэтэл Ардын намынхантай цусан төрлийн холбоо
тогтоочихоод салж чадахаа байсан түүнд намын гишүүд, дэмжигчид, бүр
сүүлдээ УИХ дахь бүлэг нь хүртэл дарамт шахалт үзүүлэх болов. Улстөрчид
фокусаа өөр дээр нь тааруулах тусам “өндөг”-өө хагалах уу, байх уу
хэмээн газар шагайж явах ч гэж дээ. Хэрэв барьж яваа “өндөг”-өө хагалбал
өөрөө ч улс төрд хагдарна. Мөд босч ирэхгүй л болов уу. Түүнийг хадны
завсар хавчуулагдсан халиуны зулзага шиг хүнд байдалд ороод байгааг бүгд
мэдэж байгаа. Гэхдээ сонгуулийн өмнөх жил яг цагаа олон засгаас гарч,
сонгуулийн  тогтолцооны хувилбартаа үнэнч үлдэж чадвал Ардчилсан нам
ирэх сонгуульд лут дэмжлэг авна. Засагт байхдаа хийсэн ажил нь ч
чамлахааргүй. Ардын нам, МАХН-тай үзэлцээд л, намынх нь нэр, бүтэц нь ч
хэвээрээ тохитой томоотой байгаа том намыг хэн сонгохгүй гэж.  Тиймээс
улс төрийн халалтыг хүчээр тогтоон бариад байгаа түүнийг өөрийн болон
өрөөлийн намынхан анхааралтай ажиглаж байна. Хэтэрхий хаширлах нь том
алдаа ч байж мэдэх талтай. Нөгөөтэйгүүр улстөрч бүхэнд “халууны шил”
болох завшаан тэр бүр олддоггүй билээ.

У.ОРГИЛМАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж