Энэ тогтоолын дагуу улсын баяр наадамд түрүүлсэн бөхийн шагнал 15 сая төгрөг болж байгаа бол үзүүрлэсэн бөх нь 10 сая төгрөг хүртэхээр болсон тухай Үндэсний бөхийн салбар хорооны дарга, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан мэдэгдэв. Харин баяр наадамд түрүүлсэн харваач дөрвөн сая төгрөгийн шагнал хүртэх бол шагайн харваанд түрүүлсэн баг ч мөн адил дөрвөн сая төгрөгөөр шагнуулах аж.
Наадам сонирхогчдын анхаарлыг хурдан морины уралдааны шинэ дүрэм, журам яах аргагүй татаж байгаа билээ. Тиймээс Хурдан морины салбар хорооны нарийн бичгийн дарга Ц.Галбадрахаас зарим зүйлийг тодруулсан юм.
-Энэ жилээс эхлэн Үндэсний их баяр наадмаар есөн насны морьд уралдахаар болсон гэсэн. Бидэнд дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
-Энэ жилээс эхлэн эрлийз адууг монгол адуунаас салгаж уралдуулахаар болсон. Тиймээс есөн насны морины уралдаан 10-13-нд болох юм. Өмнө нь зургаан насны морьд уралддаг байсан. Харин энэ жилээс эрлийз адууг гурван насанд ангилж уралдуулж байгаа. Тухайлбал, эрлийз морьдын дээд нас гэж бий. Үүнд азарга, их нас, соёолон насыг хамруулна. Харин дунд насанд нь хязаалан, шүдлэн насны морьд уралдана. Бага насных нь ойлгомжтой. Үүнд даагануудыг уралдуулах юм. Ингээд гурван бүлэг болгохоор есөн насны морьд уралдахаар болж таарсан юм.
-Энэ ангиллыг ямар үндэслэлээр хийж байгаа юм бэ?
-Бид гэнэт ийм шийдвэр гаргачихаж байгаа юм биш л дээ. Олон жил ярьж, судалж байж гаргасан. Урьд нь эрлийз морьд монгол адуутай хамт уралддаг байсан. Ялангуяа бага насны адуун дээр ийм асуудал их гардаг. Үүнээс болоод наадамчид ”Эрлийз болон монгол морьдыг тусад нь уралдуулахгүй бол эрлийзүүд нь хамаг бай, шагналыг аваад байна” гэсэн санал гаргаж эхэлсэн. Үүний үндсэн дээр Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо, Монголын морин спорт, уяачдын холбоо, Хурдан морины салбар хороо хамтарч, 21 аймгийн Морин спорт холбооноос санал авсан. Санал асуулгын дүнд Орхон аймгаас бусад аймгийнхан “Эрлийз морьдыг монгол адуунаас тусад нь уралдуулах нь зөв” гэсэн санал ирүүллээ. Тэгээд Монголын морин спорт, уяачдын холбооны тэргүүлэгчдийн хурлаас “Морьдыг тусад нь уралдуулъя” гэсэн шийд гаргаж Засгийн газарт хүргүүлсэн. Үүнийг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос дэмжиж, Хурдан морины салбар хороонд “Монгол морьдыг эрлийз морьдоос тусад нь уралдуулахад баримтлах журам боловсруул” гэсэн үүрэг өгсөн. Ингээд бид мал аж ахуйн чиглэлээр мэргэшсэн эрдэмтдийн саналыг авч журам боловсруулсан. Журам боловсруулахдаа баримталсан материал нь “Монгол адууг үүлдрээр нь баталсан тодорхойлолт” гэсэн нэртэй нууцын зэрэглэлтэй ном юм. Энэ тодорхойлолт дээр үндэслэн монгол адууны стандартыг тогтоолоо.
-Стандартад юу гэж заасан байдаг юм бэ. Ер нь монгол адууг хэрхэн ялгах вэ?
-Дээрх стандартад заасан хэмжээсүүдээр л морьдыг тодорхойлно. Тухайлбал, харахад эрлийз гэдэг нь мэдэгдэхгүй адуунууд бий. Тийм адуунуудыг монголоос ялгахдаа тодорхой стандарт хэрэглэнэ. Тухайлбал, сэрвээний өндөр, ташуу урт, шилбэний хэмжээс нь илүү байвал эрлийз адуунд тооцох юм. Ингэж л монгол адуугаа тодорхойлно доо. Харин харахад л андашгүй, илэрхий эрлийз адуунууд бий. Тийм адуунуудыг хэлбэрээр нь, дэл, сүүл, биеийн галбираар нь шинжээд шууд л эрлийз морины тоонд багтаана. Үүнийгээ ч манай уяачид ухамсарлах байх.
-Түрүүлж, айрагдсан морьдын шагналыг энэ жилээс нэмэх шийдвэр гарсан. Тухайлбал, түрүүлсэн морьдын эзэнд хэдэн төгрөгийн шагнал олгох вэ?
-Засгийн газрын тогтоолоор Үндэсний их баяр наадамд түрүүлж, айрагдсан бүх насны морьдод ижилхэн хэмжээний шагнал олгохоор тогтсон. Өмнөх жилүүдэд нас багасах тусам шагнал нь буурдаг байсан. Үүнээс гадна түрүүлсэн морьдын эздэд таван сая төгрөгийн шагнал олгоно. Тэгэхээр түрүү магнай болсон есөн моринд л гэхэд улсын төсвөөс 45 сая төгрөг зарцуулах нь.