ИМПОРТЛОГЧИД ШАТАХУУНЫ ХОМСДОЛ АРИЛАХ ЭСЭХЭД
ЭРГЭЛЗЭЖ БАЙНА
ЭРГЭЛЗЭЖ БАЙНА
ШТС-ууд АИ-92 шатахууныг картаар олгохоо больж, нэг удаад 20 хүртэлх мянган төгрөгөөр борлуулж эхлээд гурав хонож байна. Шатахуун импортлогч компаниудын удирдлагууд “Одоогийн нөхцөл байдалд шатахууныг бэлэн мөнгөөр олгох нь хомсдол үүсгэнэ. Ирэх сард ОХУ шатахуун нийлүүлэх нь тодорхойгүй байна” гэсэн байр суурьтай байгаа аж. Өчигдөр Эрдэс баялаг, эрчим хүчний яамнаас “Шатахууны 14 хоногийн нөөц бий. Ирэх сард шатахууныг хэвийн хэмжээгээр нийлүүлэх, үнийг тогтвортой байлгах талаар хэлэлцээр хийхээр маргааш /өнөөдөр/ ажлын хэсэг ОХУ руу явах гэж байна. Нааштай үр дүн гарах байх” хэмээн мэдээллээ. Харин импортлогч компанийн удирдлагуудаас хэд хоногийн шатахууны нөөцтэй, ШТС-ууд хэр ачаалалтай ажиллаж буйг тодруулахад дараах хариултыг өглөө.
“НИК” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Халиунбат:
ИРЭХ САРД ШАТАХУУН НИЙЛҮҮЛЭХ ЭСЭХ НЬ ТОДОРХОЙГҮЙ БАЙНА
-Манай компанид шатахууны тодорхой хэмжээний нөөц байгаа. Энэ сард “Роснефть” компани АИ-92 шатахууныг хангалттай хэмжээгээр нийлүүлсэн. Одоо долоодугаар сард хэдий хэмжээний шатахуун нийлүүлэх вэ гэдэг нь асуудал болж байна. Ер нь нийлүүлэх эсэх нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй. Өөрөөр хэлбэл, ямар үнэтэй байх, хэр зэргийг нийлүүлэх, хэзээ нийлүүлэх вэ гэдэг нь ойлгомжгүй байгаа гэсэн үг. Ямартай ч бид “Роснефть”-ээс бусад шатахуун экспортолдог компанид хандаж үзсэн. Тэд “Долоодугаар сард АИ-92 шатахуун нийлүүлэх боломжгүй” гэсэн хариу өгсөн. Байдал ийм байгаа болохоор бид өчигдрийг /уржигдар/ хүртэл байгаа нөөцөө Улсын баяр наадам хүргэх, аль болох удаан хугацаанд байлгах арга хэмжээ авч байсан. Ингэснээр дараагийн нийлүүлэлттэй залгах боломж нь нэмэгдэнэ. Тэр утгаараа хязгаарлалт хийж, шатахууныг талоноор өгч байсан юм. Гэхдээ хязгаарлалт хийснээр өмнө нь зах зээлд нийлүүлдэг байсан шатахууны хэмжээг бууруулсан гэсэн үг огт биш. Өмнө нь борлуулж байсан хэмжээгээрээ л борлуулсан. Хүмүүсийн худалдан авалт эрс нэмэгдсэн байсан. Сүүлийн 10-аад хоногт л гэхэд борлуулалт ердийн үеэс нэг дахин нэмэгдсэн байна. Энэ янзаараа бол одоо байгаа нөөц Улсын баяр наадам хүрэхгүй дуусна. Харин ердийн үеийнх шигээ байвал наадам өнгөрөөх хэмжээний нөөц бий. Шатахууныг бэлэн мөнгөөр олгож эхэлснээс хойш борлуулалт нэмэгдсэн байгаа.
“Сод Монгол” ХХК-ийн Бизнес, хөгжлийн газрын захирал Ц.Пүрэвренчин:
ИРГЭД ШАТАХУУНЫГ НӨӨЦӨЛСӨӨР БАЙГАА
-Засгийн газар шатахууныг картаар олгохыг хориглосон нь байдлыг улам хүндрүүлнэ. Одоо манай компанийн хувьд 10 хоногийн нөөцтэй. “Шатахууны импорт тасраагүй байгаа гэж” Газрын тосны газраас мэдээлж буй. Гэтэл ОХУ-аас АИ-92 тасралтгүй орж ирэхгүй байгаа шүү дээ. Энэ янзаараа бэлэн мөнгөөр шатахуун олговол нөөц тав хоноод л дуусна. Тэгээд Монгол Улс шатахуунгүй болж, иргэд наадмаар морь унаж давхих болж байна. Одоо манай компани нэг удаад 20 хүртэлх мянган төгрөгөөр шатахуун борлуулж байгаа. Картаар шатахуун олгож байсан нь хомсдол үүсэхээс сэргийлэх арга байсан. Түүнээс биш бэлэн мөнгө хуримтлуулах гэж тэгээгүй. Тэгэх ч боломж байхгүй шүү дээ.
“Магнай трейд” ХХК-ийн дэд захирал Ц.Энхбаяр:
“ШАТАХУУН ИРНЭ” ГЭЖ ТАЙВШРУУЛААД БАЙНА
-Сайд, дарга нар “Хойд хөршөөс шатахуун ирнэ. Ирж байгаа” гэж иргэдийг, өөрсдийгөө ч тайвшруулаад байна. Гэтэл “Роснефть” компаниас “Шатахуун ачууллаа, нийлүүлнэ” гэж огт хэлээгүй байгаа шүү дээ. Хэрэв долоодугаар сард ОХУ шатахуун нийлүүлэхгүй бол байдал тун эвгүйтнэ. Уг нь наадмаар шатахууны нөөцтэй, иргэдийг унаатай байлгах зорилгоор хязгаарлалт хийж байсан. Одоо их хэмжээгээр борлуулаад байвал шатахууны нөөцгүй болоход тун ойрхон байгаа. Манай компанийн хувьд ч ялгаагүй.
“Жаст ойл” ХХК-ийн дэд захирал Б.Арвин:
АЧААЛАЛ 2-3 ДАХИН НЭМЭГДСЭН
-Манай компанид түлш хомсдож байгаа. Уг нь шатахууны хангалттай нөөцтэй байсан. Гэсэн ч бусад компанийн нөөц багасч, хязгаарлалт хийж эхлэх үеэр ачаалал эрс нэмэгдсэн. Хүмүүс машины банкаа заавал дүүргэх гээд байгаа. Энгийн өдрүүдийнх шиг авч байсан бол хязгаарлаж, талоноор өгөх шаардлага гарахгүй байсан юм. Өнгөрсөн өдрүүдэд хүмүүс энгийн үеийнхээс 2-3 дахин их шатахуун авсан гэсэн тооцоо гарсан. Одоо манайд наадам дөнгөж хүргэх хэмжээний шатахуун бий. Манайх цөөн ШТС-тай болохоор нэг их асуудал үүсэхгүй. Түүнчлэн ойрын өдрүүдэд иргэдийн болгоомжлол багасч, шатахууныг их хэмжээгээр нөөцлөхөө больж байх шиг байна. Гэхдээ энэ нь хэвийн хэмжээгээр авч байгаа гэсэн үг биш.
Т.УРАНГЭРЭЛ
Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм"