“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Ж.Батзанданг “Ярилцах танхим”-даа урилаа.
-Та Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын зарим гишүүнд шаардлага хүргүүлснээ мэдэгдсэн. Яагаад ийм алхам хийх болов?
-Би “Эрдэнэс Тавантолгой” төслийг гацаанаас гаргах, иргэдэд олгосон хувьцааг өмчийн баталгаатай болгох, зохион байгуулалт, бүтцийн зарим асуудлыг яаралтай шийдвэрлэх, улс төрийн болон бизнесийн явцуу ашиг сонирхолтой холбоотой бэрхшээлийг арилгаж өгөөч гэсэн шаардлага, бас хүсэлтийг хүргүүлсэн.
-УИХ-ын 39 дүгээр тогтоолыг бодит байдал дээр хэрхэн зөрчиж байгаа юм бэ?
-“Эрдэнэс Тавантолгой” төслийн хэрэгжилтийн хууль, эрх зүйн үндэс болсон хоёр тогтоол бий. Үүний нэг нь УИХ-ын 39 дүгээр тогтоол, нөгөөх нь Засгийн газрын 273 дугаар тогтоол юм. Харин 39 дүгээр тогтоолд “Эрдэнэс Тавантолгой” хэмээх охин компанийг байгуулж, Тавантолгойн ордын лицензүүдийг хуваахгүйгээр шилжүүлнэ” гэж заасан байдаг. Иймээс компанийг үнэлгээтэй, өмчтэй болгож, иргэдэд хувьцаа олгох ёстой. Түүнээс биш өмч, хөрөнгөгүй хоосон компани хувьцаа гаргах тухай ойлголт байхгүй. Харамсалтай нь 39 дүгээр тогтоол буюу лицензийг шилжүүлэх, “Эрдэнэс Тавантолгой”-г хөрөнгөтэй болгох тухай заалт одоо болтол хэрэгжихгүй байгаа юм. Үүнд их харамсаж байна. Гэтэл зарим дарга, сайд нар ““Эрдэнэс Тавантолгой”-н 536 ширхэг хувьцааг өгчихсөн. Одоо 1072 хувьцаа өгнө” гэж яриад сууж байна.
Ер нь ямар ч хувьцаа өмчөөр баталгаажих ёстой. Ингэж баталгаажаагүй хувьцаа зүгээр л хоосон цаас, хуурамч талон шүү дээ. Миний хувьд үүнийг л эсэргүүцээд байгаа юм.
-Оператор компани болон стратегийн хөрөнгө оруулагчийг шалгаруулах асуудал нам гүм болчихлоо. Үүнд ямар хяналт тавьж байна вэ?
-Оператор компани болон стратегийн хөрөнгө оруулагчийг шалгаруулж “Эрдэнэс Тавантолгой”-г яаралтай эргэлтэд оруулах шаардлагатай. Мөн 30 хүртэлх хувийг нь Хөрөнгийн бирж дээр арилжаалж, Тавантолгойн үйл ажиллагааг явуулах хөрөнгийг босгох ёстой. Эдгээр ажил огт урагшлахгүй байна. “Оператор болон стратегийн хөрөнгө оруулагч компанийг шалгаруулна” гэж яриад бараг нэг жил болж буйг та бүхэн мэдэж байгаа байх. Жил үргэлжилдэг тендер гэж байдаггүй. Сонгон шалгаруулалтыг хуулийн дагуу сайндаа л хоёр сарын хугацаанд шийдвэрлэдэг. Ийм тодорхойгүй, утгагүй, дампуу сонгон шалгаруулалтыг урьд нь харж байсангүй. Тэгэхээр үүний цаана маш том ашиг сонирхлын зөрчил байна гэж ойлгодог. Ер нь улстөрчдийн гар, хөл бизнесийн салбартай дэндүү их хутгалдах боллоо.
-Тэгвэл ажил урагшлахгүй байгаад юу нөлөөлөөд байгаа юм бол?
-Улс төр болон бизнесийнхний ашиг сонирхлоос болоод гацчихлаа. Уг төслийг хэрэгжүүлж, гацааг арилгаж, ажил хэрэг болгохын тулд шаардлага хүргүүлээд байгаа юм. “Эрдэнэс Тавантолгой”-н ажлыг эхлүүл. Иргэдэд олгох хувьцааны үнийг тодорхой болго. Лицензийг шилжүүл” гэх мэт компанитай холбоотой бүх асуудлыг ирэх есдүгээр сарын 1 гэхэд цэгцэл” гэж хугацаа заасан. Мөн удирдлагын бүтцийн асуудал бий. “Эрдэнэс МГЛ”, “Эрдэнэс Тавантолгой” компанийг одоо нэг хүн удирдаж байгаа. Нэг компанийг нэг л хүн удирддаг бизнесийн зарчимтай. Нэг хүн олон компани удирддаггүй учир ашиг сонирхлын зөрчил үүсэж байна.
-Та хараат бус гишүүнийхээ үүргийг хэрхэн биелүүлж байна вэ?
-Хараат бус гишүүний үндсэн үүрэг бол хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах юм. Тиймээс “Эрдэнэс Тавантолгой”-н 2.7 сая хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалж дуугарч байна. Үүний төлөө явна, явах ч үүрэгтэй. Хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг нэг өдөр, нэг ч минут зөрчигдөх ёсгүй.
-Төлөөлөн удирдах зөвлөлийн бусад гишүүн тантай адил бодолтой байгаа юу. Эсвэл та ганцаараа дуугарч байна уу?
-Тэд ямар бодолтой байгааг хэлж мэдэхгүй. Ямар ч байсан би ингэж л бодож байгаа. Би төрийн бус, иргэдийн төлөөлөл учир тэдний төлөө ажиллаж, үг хэлэх болно.
-Б.Энэбиш дарга “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлыг томилох тухай асуудал энэ сард тодорхой болно гэж байсан ч одоог хүртэл чимээгүй байна. Энэ талаар асууж, тодруулсан уу?
-Өдөр бүр “Ажил яагаад явахгүй байна вэ” гэж асуудаг. Үүний хариуд маргааш, нэг, хоёр сарын дараа тодорхой болно гэдэг. Ингэсээр байгаад асар их цаг хугацаа алдах юм. Ер нь амаар ажил явдаггүйг хүмүүс мэднэ. Хамгийн гол нь ажил бодитой байж иргэдийн амьжиргаанд нөлөөлөх ёстой. Хэн нэгэн дарга сайхан зүйл ярьснаар иргэдийн амьдрал сайжирдаггүй.
-Ерөнхий сайд С.Батболд БНХАУ-д хийсэн айлчлалынхаа үеэр “Шинхуа”-г дэмжинэ гэсэн. Сонгон шалгаруулалтыг явуулж байгаа энэ үед шууд ингэж хэлж болох уу. Та юу гэж үзэж байна вэ?
-Монгол Улсын хуулийн хүрээнд бүх зүйл явах ёстой. Түүнээс бус хэн нэгэн албан тушаалтан аль нэг компанийг дэмжинэ гэж хэлэх ёсгүй. Төрийн хүний амнаас ийм авиа ч гарах эрхгүй.
-Тавантолгойд хойд, урд хөршүүдийн сонирхол их бий. Үүнээс болоод манай улсад шатахууны хомсдол үүслээ гэх таамаг байна?
-“Адгийн улстөрчдийн нуугдах халхавч нь геополитик” гэдэг үг бий. “Эрдэнэс Тавантолгой”-н лицензийг шилжүүлэхгүй байгаа нь гадны улс орноос болсон гэж бодохгүй байгаа. Манай улстөрчдийн зангаас л болсон.
-Иргэдэд олгох 10 хувийн хувьцааг 20 хувь болгохыг Засгийн газар хэлэлцэх хэрэгтэй гэж дэмжсэн. Ийм боломж бий юү?
-Иргэдэд олгох хувьцааг 20 битгий хэл 40 хувьд ч хүргэж болно. Гэхдээ хоосон хувьцааг биш шүү. Харин өмч, бизнесийн үйл ажиллагаа, хөгжлийн бодлого, төлөвлөлтөөр баталгаажсан хувьцааг өгөөсэй гэж хүсэж байна. Ер нь “Эрдэнэс Тавантолгой”-н үнэлгээг хийж, хөрөнгөтэй болгож, орд газрыг нь шилжүүлж өгөхийг хүсэхгүй байгаад асуудал бий. Мөн “Эрдэнэс Тавантолгой”-оос 338 тэрбум төгрөг гаргуулж, Хүний хөгжил санд төвлөрүүлэх шийдвэр гаргасан. Энэ их мөнгийг “Эрдэнэс Тавантолгой”-оор гаргуулвал үүнийг олохын тулд орд газраа барьцаалахаас өөр аргагүй болно. Дөнгөж хөлд орж байгаа компанид ингэж дарамт учруулах юм бол олон улсын Хөрөнгийн бирж дээр хувьцаагаа амжилттай гаргах ямар ч боломжгүй. Иргэд хувьцааны ашгаа магадгүй 30 жилийн дараа л хүртэх байх. Төр засаг ард түмнээ хуурсан ийм увайгүй үйлдэл хийхээ таслан зогсоох хэрэгтэй.
-Хэрэв есдүгээр сарын 1 буюу таны хүссэн хугацаанд ажил эхлэхгүй бол яах вэ?
-Тэгвэл улс төрийн аргаар тэмцэнэ. Үүний дотор жагсаал, цуглаан хийх нь ердөө нэг л арга нь. “Эрдэнэс Тавантолгой”-н Төлөөлөн удирдах зөвлөлөөс гарна. Энэ ажлыг явуулах гэж очсон болохоос биш амаа таглуулаад чимээгүй сууж, ажил хийдэггүй хүмүүстэй хуйвалдах гэж очоогүй.
-Та анх Ардын намыг магтаж байсан биз дээ. Гэтэл одоо ийм зүйл ярьж байгаа нь нэг л итгэл төрүүлэхгүй байх чинь?
-Би Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн. Ардын намын залуучуудын байгууллагын зарим зөв бодлогыг дэмждэг. Цаашдаа ч дэмжих болно. Ардчилсан намын буруу бодлогыг нь эсэргүүцдэг. Монголчууд бүгд нэг завин дээр яваа. Хэн зөв бодлого гаргаж, зөв зам дээр ардчиллын тугийг өндөрт өргөж, хүний эрх, эрх чөлөөний төлөө тэмцэж, дуугарч байна, түүнийг дэмжих болно. Гэхдээ аль ч нам байсан надад хамаагүй. Би Ардчилсан нам, иргэний хөдөлгөөнийг дэмждэг. Хамгийн чухал нь зөв бодлого явуулбал шүү дээ. Хэрэв буруу байвал эсрэг зогсоно. Өөр арга байхгүй.
-Таныг Ерөнхий сайд С.Батболдын үгээр байж, түүнд мессеж бичдэг гэсэн. Үнэн үү?
-Хэдэн сард, ямар мессеж бичсэн гэдгийг нь тодорхой болгочих. Тэгээд энэ асуултад чинь хариулъя.
-Ардын намын даалгавраар хамтарсан Засгийн газрыг “унагаах” гэж Тавантолгойн асуудлыг тавьж байна гэх яриа байна. Үүнд ямар тайлбар хийх вэ?
-Монголчууд нэг нэгнээ их харддаг. Монгол Улс хөгжихгүй, дорой байгаа, ажлыг хэрэгжүүлдэггүйн гол шалтгаан нь энэ. Ажил хийх гэж буй хүн бүрийг дэгээдэж унагаадаг нь муу зан. Үүнээсээ татгалзах хэрэгтэй. Ж.Батзандан гэдэг хүн 2004 оны арванхоёрдугаар сард “Ашигт малтмалаас ард түмэндээ алтан хувьцаа олгоё” гэж анхны жагсаалыг зохион байгуулж байлаа. Тухайн үед тавьж байсан бодлого, гаргасан зорилтууддаа үнэнч яваа. Тиймээс л ард түмэндээ хувьцаа өгөхийг хүсэж байна. Би залуу улстөрч хүн. Улс төрийг сонгуулиас сонгуулийн хооронд хийдэггүй. Харин 30, 40 жилээр төсөөлж харахыг хичээдэг. Монгол төр урт хугацаанд алсын хараатай байх ёстой.
-Улстөрчийн тань хувьд асуухад Н.Энхбаяр МАХН нэрээ авлаа. Иргэний хөдөлгөөн болон жижиг намуудтай нэгдэж ажиллаж байна. Үүнийг юу гэж харж, дүгнэж байна вэ?
-Ардын нам, МАХН-ын асуудал надад хамаагүй. Би Ардчилсан нам, иргэний хөдөлгөөний хүн. Тиймээс өөр, өөрсдийн л ажлаа хийцгээ. Монголын улстөрчид өөрсдийн ажлаа хийж чадахгүй болохоороо өрөөлийн ажилд хошуу дүрдэг.