Украин Монголоос нүүрс олборлоно

Хуучирсан мэдээ: 2011.06.30-нд нийтлэгдсэн

Украин Монголоос нүүрс олборлоно

Украин улс Монголоос коксжсон нүүрс олборлох сонирхолтой байгаагаа илэрхийлж байгаа ажээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тус улсад хийж байгаа  айлчлалын үеэр хийсэн хэвлэлийн бага хурал дээр Украины Ерөнхийлөгч Виктор Янукович энэ талаар мэдэгдсэн байна. Янукович “ОХУ-аас коксжсон нүүрс авдаг Украин Монголоос коксжсон нүүрс олборлох асуудлыг сонирхож байгаа нь мэдээж хэрэг” гэж хэлжээ.

Хамгийн сонирхолтой нь коксжсон нүүрс олборлооч гэсэн саналыг Монголын талаас Украинд тавьсан гэж Янукович хэлсэн нь анхаарал татаж байгаа аж. Украины Ерөнхийлөгч хэлэхдээ ийм саналыг Монголын талаас айлчлалтай холбогдуулан хийж байгаа өнөөдрийн уулзалтын үеэр тавьсан гэж байгаа бөгөөд ойрын хугацаанд Украины талаас мэргэжлийн шинжээчдийг Монголд илгээх юм байна. Тэд Монголын коксжсон нүүрсний чанар болон олборлох боломжуудыг судлахын зэрэгцээ тээвэрлэлтийн асуудлыг ч бас давхар судлан тооцоолох ажээ.

Үүнээс гадна Украин улс Монголоос нүүрснээс гадна бусад ашигт малтмалыг ч бас олборлох сонирхлоо илэрхийлж байгаа ажээ. Тухайлбал, Монголын ураны орд газруудад олборлолт явуулах боломжийн талаар Украины мэргэжилтнүүдийн саналыг мөн авч үзсэн гэнэ. Украины Ерөнхийлөгч Януковичийн хэлснээр бол Монгол нутгаас уран олборлох асуудлыг  шийдвэрлэх боломжтой гэж үзэж байгаа юм байна.

Энэ асуудал яригдахаас өмнөхөн Украины Ерөнхийлөгч ОХУ-аас авч байгаа эрчим хүчний хэрэглээний цаашдын төлөвийг эрсдэлтэй гэж харж байгаа талаараа мэдэгдэж байжэ. Янукович хэлэхдээ “ОХУ-аас нийлүүлж байгаа байгалийн хий үнэтэй байна. Цаашдаа хямдарна гэх итгэл байхгүй байгаа. Украины өмнө үнэ ихтэй байгалийн хийг түлж байх, эсвэл өөрийн нүүрсээ илүү ихээр олборлох гэсэн хоёр зам л байна. Тиймээс бид өөрийн нүүрсийг илүү хэмжээгээр олборлож асуудлыг шийдэх замыг эргэлт буцалтгүй сонгож байгаа” гэсэн байна. Эндээс үзэхэд Украинд коксжсон нүүрсийг их хэмжээгээр импортлох сонирхол бий болсон бололтой ажээ. Украин нь нүүрс олборлолт болон боловсруулалтын өндөр технологитой улс гэдгээрээ дэлхийд танигдсан гэж Оросын сайтуудад мөн бичигдсэн байна.

М.Наст

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж