Залуу дуучин Э.Амартүвшин Сүхбаатар аймагт төрж өссөн бөгөөд наймдугаар ангиасаа эхлэн дуулжээ. Тэрбээр 2009 онд СУИС-ийг дуурийн дуулаач мэргэжлээр төгсч, УДБЭТ-т гоцлол дуучнаар ажиллаж эхэлсэн байна. Хоёрхон жилийн хугацаанд Э.Амартүвшин дөрвөн дуурийн гол дүр бүтээжээ. “Хэрмэл жүжигчид” дуурийн Тонио, “Учиртай гурван толгой” дуурийн Юндэн, “Ламбугайн нулимс” дуурийн Лодон, “Аида” дуурийн Амонасрогийн дүрийг тэр энэ хугацаанд амилуулсан байна. Харин ирэх улиралд Ж.Вердийн “Риголетто” дуурийн Риголеттогийн дүрд тоглохоор бэлтгэж байгаа гэсэн. Дэлхийн дуурийн урлагийн ноён оргил Ж.Вердийн “Аида” дуурьд дуулна гэдэг дуурийнхны хувьд мөрөөдөл, бас том шалгуур. Харин Э.Амартүвшингийн хувьд өнгөрсөн дөрөвдүгээр сард УДБЭТ-ын тайзнаа тавьсан “Аида” дуурийн Аидагийн аав Эфиопын хааны дүрийг маш чадварлаг бүтээж, үзэгчдээс төдийгүй урлаг судлаач, шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч чадсан юм.
Дуучин Э.Амартүвшингийн манай сайтад өгч байсан ярилцлагыг ЭНД дарж уншина уу.