Монгол, Украин бие биенээ дэмжих нь чухал

Хуучирсан мэдээ: 2011.06.30-нд нийтлэгдсэн

Монгол, Украин бие биенээ дэмжих нь чухал

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Монгол, Украин бие биенээ дэмжин харилцан ашигтай ажиллаж байж үр шим илүү хүртэнэ


Украин Улсад Төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.ЭЛБЭГДОРЖИЙГ хүндэтгэн Украин Улсын Ерөнхийлөгч В.Ф.ЯНУКОВИЧ зоог барилаа. Энэхүү хүндэтгэлийн зоогийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч хэлэхдээ: “…Монгол Украин нь улс төрийн сайн харилцаанд тулгуурлан эдийн засгийн хамтын ажиллагааг өргөтгөн хөгжүүлэхийг чухалчилж, энэ чиглэлээр тодорхой асуудлуудыг урагшлуулах ажилд шамдан орох, байгаа нөөц бололцоог харилцан ашиглаж, үр дүнд хүрэх нь чухал юм гэдэгт санал нэгдэж байгааг өнөөдрийн уулзалтууд нотоллоо.

Украинд сургууль төгсөгчид Монгол Улсынхаа хөгжил дэвшилд бодитой хувь нэмэр оруулсаар байна. Энэ хүмүүс манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг цаашид өргөтгөн хөгжүүлэх эрхэм үйлсийн төлөө хүчин зүтгэх чин хүсэл эрмэлзэлтэй байдгийг Львов дахь бидний уулзалтууд харууллаа…

…Украины эрэлхэг дайчид Халх голын байлдаанд оролцож, олон украин залуус цэргийн албаа Монголд хааж, мэргэжилтнүүд нь манай энхийн бүтээн байгуулалтад оролцож байсан түүхийг энд дурдахгүй байхын аргагүй. Украины Аскания Новагаас авчирсан тахь уугуул эх орныхоо онгон байгальд сайтар идээшин дасч, өсч үржиж байгааг хэлэхэд таатай байна. Даяарших үйл явц улам бүр тэлж, өөрчлөгдөн буй дэлхий ертөнцөд нэр хүндтэй байр сууриа батлах зорилтоо хэрэгжүүлэхдээ Монгол, Украин хоёр бие биенээ дэмжин, харилцан ашигтай хамтран ажиллаж байж сая илүү үр шимийг хүртэх болно” гэлээ.

Эх сурвалж: www.president.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж