Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолборыг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэжээ. Францын Парис хотноо Дэлхийн өвийн 35 дугаар хурал болж, чуулганд оролцогчид Монголоос бүртгүүлэхээр нэр дэвшүүлсэн хадны зургийг бүртгэх нь зүйтэй хэмээн үзжээ. Уг чуулганаар дэлхийн олон орнуудын байгаль, соёлын үнэт 25 бүтээлийг бүртгэсэн байна. Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолбор нь Монголын төдийгүй дэлхийд томоохонд тооцогдох сүг зургийн галерей юм. Эл хадны сүг зураг нь хүний хөгжлийн түүхийн олон үеийг нэг дор харуулж байдгаараа онцлогтой бөгөөд Монголын ард түмний эртний түүхийн нэгэн чухал сурвалж, тэр үеийн хүмүүсийн аж ахуй, нийгэм, оюун санааны хөгжлийн олон талыг тусгасан археологийн дурсгал гэж түүхчид дүгнэдэг юм.
А.Зул