Нийслэлийн цагдаагийн газарт өнгөрсөн онд 69 112 гомдол, дуудлага ирсэний 16 544 нь бусдын болон албан байгууллагын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийн дуудлага байжээ. Эдгээр хулгайд алдагдсан эд зүйлсийн 29 хувь нь ломбард буюу барьцаалан зээлдүүлэх газраар дамжин зах зээл дээр борлуулагддаг гэдгийг судалгаагаар тогтоосон байна. Тиймээс бидний нэрлэж заншсанаар ломбард буюу барьцаат зээлийн үйлчилгээ эрхэлдэг газрууд нь санамсаргүй болон санаатайгаар хулгайн гэмт хэргийн эд зүйлийг зах зээлд дамжуулан худалдагч болж байгаа учраас Нийслэлийн цагдаагийн газраас "Барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулах журам"-ыг шинэчлэн найруулж, ИТХ-аар хэлэлцүүлэхийг Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралд өнөөдөр танилцууллаа.