Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр /VI.29/ Украин Улсын Дээд Рад Парламент-ын дарга В.М.Литвинтэй уулзав. Ерөнхийлөгч, Дээд Радын дарга нар хоёр орны харилцааг улстөрийн хүрээнд бэхжүүлэх талаар санал солилцож, улс орны улстөр эдийн засгийн байдлын талаар мэдээлэл солилцон, харилцан чөлөөтэй ярилцав. Ноён В.М.Литвин, Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлал үр дүнтэй болж байна гэж дүгнээд, хамтын ажиллагааны хүрсэн ололтыг сайшааж байгаагаа илэрхийллээ. Энэ оны 4-р сараас эхлэн Украин Улсын Дээд Рад-д Украин-Монголын найрамдлын бүлэг байгуулагдсан бөгөөд, энэхүү бүлэг нь хоёр орны харилцааг улстөрийн түвшинд улам бүр бэхжүүлэх чухал тулгуур багана болно гэж үзэж байгаагаа хэллээ.
“Би манай хоёр орны урт удаан, харилцан ашигтай хамтын ажиллагаанд эргэлздэггүй. Танай улсын эдийн засаг мэдэгдэхүйц өсч байна, манай улсад ч мөн эдийн засгийн эерэг зүйлүүд багагүй гарч байгаа. Хоёр талаас хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэл эрмэлзэл нэмэгдэж байгаа энэ цаг үед найрамдлын бүлэг байгуулагдсан нь чухал юм.
Таны өнөөдрийн яриа хэлэлцээ, уулзалтууд, гарын үсэг зурсан баримт бичгүүд бидэнд аль алинд маань харилцаагаа шинэ түвшинд гаргах хүсэл эрмэлзэл байгааг нотлон харууллаа” гэв. Уулзалт энгийн нөхөрсөг байдалд үргэлжилсэн. Ноён В.М.Литвин Монгол Улсын Ерөнхийлөгчид олон өнчин хүүхэд өсгөдгийнх нь төлөө талархаж байгаагаа хэлээд, Ерөнхийлөгчийн төрөлх сургуульдаа очсон сэтгэгдлий нь сонирхож асууж байлаа.