Монгол, Украины түншлэлийн харилцааг хөгжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2011.06.30-нд нийтлэгдсэн

Монгол, Украины түншлэлийн харилцааг хөгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ, Украин Улсын Ерөнхийлөгч В.Ф.ЯНУКОВИЧ нар өчигдөр хамтран хэвлэлийн бага хурал хийлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж , Монгол Украины харилцаа шинэ түвшинд ахиж, хоёр улс түншлэлийн харилцааг хөгжүүлэхээр болсныг онцлон хэлэв. “Өнөөдрийн бид хэд хэдэн баримт бичигт гарын  үсэг зурсан нь, хоёр тал харилцаа хамтын ажиллагаагаа хөгжүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй байгааг,  манай хоёр орны харилцаа хамтын ажиллагаа улам бүр өргөжиж байгааг нотлон харуулж байна. Манай улс Украин Улстай хөдөө аж ахуй, батлан хамгаалах, цөмийн энерги, уул уурхай, боловсролын салбарт хамтран ажиллах сонирхолтой бөгөөд  бид харилцан ашигтай хөгжүүлж болох хамтын ажиллагааны бүхий л чиглэлийн талаар санал солилцон ярилцаж, зарим тохироонд хүрч байна.  Монгол Украины уламжлалт найрсаг харилцааг  шинэ зуунд үргэлжлүүлэн хөгжүүлэхэд энэхүү айлчлал чухал ач холбогдолтой болж байна” хэмээн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэллээ.

Ерөнхийлөгч В.Ф.Янукович  Монгол Улсын Ерөнхийлөгчтэй хийсэн  уулзалт нь нөхөрсөг халуун дотно болсныг ярианыхаа эхэнд хэлэв.

“Хоёр орны харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэх өргөн боломж байгаа талаар санал солилцож, зарим тодорхой асуудлууд дээр санал нэгдлээ. Бид ярьж байгаа яриа хэлцлүүдээ эрчимжүүлж, ажил хэрэг болгохын тулд дээд хэмжээний уулзалтуудыг тогтмол хийх нь зүйтэй гэж үзэж байна.  Өнөөдрийг хүртэл санасан хэмжээнд хүрэхгүй байгаа худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх  талаар тодорхой санал санаачилгуудыг дэмжиж ажиллахаар болов. Мөн хөдөө аж ахуй, аж үйлдвэр, шинжлэх ухааны салбарт үр дүнтэй хамтран ажиллах талаар зөвшилцлөө.

Бидний хамтын ажиллагааны чухал чиглэл болох боловсролын салбарт харилцаагаа өргөжүүлэх талаар ярилцлаж, тодорхой шийдвэр гаргалаа. Цаашдаа хоёр талын Засгийн газар хоорондын комиссын ажлын үр дүнг идэвхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх нь зүйтэй гэж бид үзэж байна” гэж тэрээр ярилаа. Украин Улсын Ерөнхийлөгч В.Ф.Янукович сэтгүүлчдийн асуултад хариулахдаа, , монголд коксжсон нүүрс олборлох чиглэлээр хамтран ажиллахыг сонирхож байгаагаа хэлэв. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, хөдөө аж ахуй, боловсрол, уул уурхайн чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжтой гэж үзэж байгаагаа хэллээ.

Энэхүү хэвлэлийн бага хурлын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Монгол Украины харилцааг хөгжүүлэхэд болон  Монгол Улсаа хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрий нь хүлээн зөвшөөрч, үнэлэн Ярослав Мудрийн 1-р зэргийн одонгоор шагнахаар шийдвэрлэснийг Украины талаас мэдэгдэв. 

Эх сурвалж: www.president.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж