ОХУ импортын хоригоо хэсэгчлэн цуцаллаа

Хуучирсан мэдээ: 2011.06.30-нд нийтлэгдсэн

ОХУ импортын хоригоо хэсэгчлэн цуцаллаа

ОХУ зургадугаар сарын эхээр Германд дэгдсэн гэдэсний халдварт E. coli өвчний улмаас Европын холбооны хүнсний ногоонд импортын хориг тогтоогоод байсан юм. Харин өвчний тархалт намжиж байгаатай холбогдуулан импортын хоригийг өнгөрсөн мягмар гаригаас хэсэгчлэн цуцалж эхэлсэн байна. Оросын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах байгууллагын тэргүүний мэдэгдсэнээр эхний ээлжинд Бельги, Нидерланд зэрэг улсуудад тогтоосон хоригийг цуцалж, хүнсний ногоо импортлохыг зөвшөөрөөд байгаа ажээ. Мэргэжилтнүүд эдгээр улсын хүнсний лабораториуд найдвартайгийн зэрэгцээ халдварт E. coli өвчин дэгдээгүй тул айх аюулгүй гэж үзжээ. Нидерландын вант улс нь ОХУ-ын нийт импортын хүнсний ногооны гуравны нэгийг нийлүүлдэг хамгийн том нийлүүлэгч улс юм. Гэхдээ Бельги, Нидерланд улсууд хүнсний ногоогоо баталгаатай гэсэн экспортын сертификаттай ОХУ-д  экспортлох ёстой гэж заасан байна.

Харин Польш, Литви, Испани, Дани, Чех зэрэг Европын холбооны бусад улсууд хоригийг цуцлах удаах жагсаалтад бүртгэгдээд байгаа аж. Өнгөрсөн жилийн байдлаар Европын холбооны улсууд ОХУ-д нийт 600 сая евротой дүйцэхүйц хэмжээний хүнсний ногоо нийлүүлсэн байна. Өнгөрсөн даваа гаригт халдварт E. coli өвчин Франц улсын Бордо хотод дахин дэгдэж, есөн хүн халдвар авсан талаар тус улсын эрүүл мэндийн албанаас мэдэгдсэн ч түүнээс хойш нэмж өвчний тохиолдол илэрсэн талаар мэдээлээгүй байна. Франц, Германд дэгдсэн халдварын аль алиных нь эх үүсвэр буурцгийн соёолжоос үүсэлтэй болох нь тогтоогдсон юм.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж