Д.Лхагважав: Лондонд уралдаад зодог тайлна

Хуучирсан мэдээ: 2011.06.30-нд нийтлэгдсэн

Д.Лхагважав: Лондонд уралдаад зодог тайлна

Монголын хөнгөн атлетикчид олимпийн эрхээ үргэлжлүүлэн авсаар л байна. Марафон гүйлтийн төрөлд Б.Сэр-Од, Л.Отгонбаяр нар олимпод оролцох эрхтэй болсон түүний араас паралимпийн тамирчин Д.Лхагважав 1500 метрийн зайд Лондонд уралдахаар болов. Харааны бэрхшээлтэй, 50 настай ч гэсэн залуусаас дутахааргүй гүйсэн түүгээр бид бахархах ёстой юм. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Олимпийн эрх авснаас хойш 20 гаруй хоног өнгөрлөө. Ямар амжилт үзүүлж Лондонд уралдах эрхтэй болов оо?

-Өнгөрсөн зургадугаар сарын 3-6-нд Украинд олимпийн эрх олгох нээлттэй тэмцээн болсон. Дөрвөн минут 50 секундээс дотогш амжилт үзүүлбэл олимпийн эрх авах ёстой байсан. Миний хувьд 4.47.12 гүйж эрхээ авлаа. Одоо шигшээ багтаа ороод, өөрийн гэсэн багш дасгалжуулагчтай бэлтгэлээ хийж байна. Олимп хүртэл нэг жилийн хугацаа үлдсэн болохоор нэлээд шахуу хөтөлбөртэй байгаа.

-Өмнө нь шигшээ багт хамруулдаггүй байсан хэрэг үү?

-Тийм ээ. Хамааралгүй байсан. Батдоржийн удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хийдэг байлаа. Дасгалжуулагч маань намайг маш олон амжилт гаргахад тусалсан. Түүний удирдлагад дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэж, дараа нь олимпийн эрхээ авсан юм. Харин одоо бол шигшээ багтай хамт бэлтгэл хийж байна даа.

-Бэлтгэл сургуулилт хэр хүнд байна вэ?

-Өндөр ачааллын дараа амралтын байдалтай л байна. Гэхдээ формоо алдахгүйн тулд өдөрт гурван цагийн бэлтгэл хийнэ. Өмнө нь доод тал нь зургаан цаг хийдэг байсан.

-Бэлтгэл хаана хийж байна вэ. Наадам дөхөж байгаа болохоор Төв цэнгэлдэх бол хаалттай байгаа биз дээ?

-Харин тийм ээ. Гэхдээ ямар ч байсан боломжоороо хийгээд л байна. Машин тэрэг гайгүй үед Төв цэнгэлдэхээ тойроод л гүйгээд байгаа шүү дээ.

-Ер нь бол хөнгөн атлетикийн тамирчдын бэлтгэл сургуулилт хийх орчин хэр байдаг юм бэ?

-Муу муу. Хүн урманд нэг манеж, нэг катан зам байхгүй гээд боддоо. Би сая ДАШТ-д явахдаа 400 метрийн талбайд гүйхгүй бэлтгэлээ хийсээр байгаад очсон. Тэгээд нэг юм 400-гийн катан зам дээр гүйж байгаа юм чинь. Энд катан зам дээр гүйхгүй учраас шипи өмсч сураагүй. Нөгөөх нь хөл холгоод хэцүү байсан. Гэхдээ монгол хүн юм чинь тэсвэр тэвчээр гаргаад л өнгөрсөн.

-Та бүхэнд дэмжлэг хэр ирдэг вэ. Өмнөхөөсөө сайжирч чадсан уу?

-Хамаагүй дээр болсон. Өмнө нь тэмцээн уралдаанд явахад чинь их зовдог байлаа. Бэлтгэлээ хийх үү, мөнгөө хайх уу гээд л. Ёстой үйлээ үзнэ шүү дээ. Пусаны Азийн наадамд явах гээд мөнгө олдохгүй. Нэг хоногийн дотор мөнгө олох хэрэгтэй байдаг. Арга барахдаа дэлгүүрээсээ нэг сая төгрөг зээлээд явсан. Одоо бол өөр болсон. Хөгжлийн бэрхшээлтэй, эрүүл гэж ялгахгүй байна.

-Бэлтгэл сургуулилтын явцад хангамж хэр байна вэ?

-ОХУ-руу явсан тамирчид маань ирэхээр бид Эрдэнэт рүү цугларалтад гарах юм. Шигшээ багт орохоор бүх зүйл эндхийн хангалтад орчихдог юм билээ. Тэгэхээр гайгүй ээ.

-Шагнал урамшуулалын хувьд?

-Яах вэ, боломжийн шүү. Улсын аваргад оролцлоо гэхэд надаас ямар нэгэн зардал энэ тэр гарахгүй болохоор болоод л байгаа юм. Хэрвээ янз бүрийн татвар татаас авдаг байсан бол хэцүү шүү дээ. Тэмцээнд оролцох тамирчин ч олдохгүй байсан байх. Зардал гарна уу гэхээс орлого олно гэсэн асуудал байхгүй.

-Ингэхэд та хэдэн жил гүйж байна вэ?

-Хараагүй болсноос хойш 21 жил уйгагүй гүйж байна даа. Намайг анх гүйж байхад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс энэ спортоор хичээллэдэггүй байсан юм. Энэ талаар бодох ч үгүй. Тухайн үед тивийн аваргад оролцоход шагнал урамшуулал гэж байдаггүй байсан болохоор тэр байх л даа. Анх 1993 онд намайг тивийн аваргад оролцоод мөнгөн медаль аваад ирэхэд хэн ч баяр хүргэдэггүй. Ёстой нам гүм байсан. Засгийн газрын шагнал урамшуулал ч байхгүй. Тэгээд нэг дарга нь өөрийнхөө зүгээс 3000 төгрөг өгч билээ. Одоогийнхоор энэ чинь 100 мянган төгрөг гэсэн үг шүү дээ.

-Таны спортоор хичээллэсэн зорилгыг сонирхож болох уу?

-Яах вэ, хөгжлийн бэрхшээлтэй гээд ажил хөдөлмөр эрхэлж чадахгүй ч спортоор хичээллээд амжилт гаргаж ахуй амьдралаа дээшлүүлж өөртэйгээ адилхан бусад хүнд үлгэр дууриал үзүүлэх юмсан гэж боддог юм. Гурван цагийн дотор гүйж бариандаа орох гэж дөрвөн жил уйгагүй хөдөлмөрлөсөн шүү дээ. Нью-Йоркийн марафонд оролцсоны дараа эмчилгээнд орсон ч харамсалтай нь эмчилгээгүй гэсэн онош гарсан. Дэлхийн шинжлэх ухаанд таны нүдийг эмчлэх боломж алга гэж хэлсэн. Түүнээс хойш нүдээ үзүүлээгүй. Гэхдээ одоо бүдэгхэн харна. Аливаа тэмцээн уралдаанд оролцохдоо үргэлж хөтлөгчтэй. Миний хөтлөгч Бакыт гээд нэг сайн залуу бий.

-21 жил хөнгөн атлетикаар хичээллэхдээ хэчнээн олимпод оролцсон бэ?

 -Хоёр олимп, дөрвөн Азийн наадамд оролцсон байна. Сиднейн олимпод анх Бээжингийн паралимпийн аварга Д.Баатаржав бид хоёр л орж байсан юм. Тэгээд Баатараа маань тавдугаарт, би наймдугаар байр эзэлсэн юм. Одоо Лондоны олимпод мөрөө гаргаад л зодог тайлна гэж бодож байгаа. 50 нас гарчихсан болохоор бие маань ч хүчрэхээ больж байна шүү дээ.

-50 настай хүн ДАШТ-ээс мөнгөн медаль авна гэдэг том амжилт. Өрсөлдөгч нар хэр байв?

-Дандаа залуу хүүхдүүд шүү дээ. Насаараа надтай хамгийн ойрхон нь 25-тай тамирчин гээд бодохоор бусад нь бол ид амжилт гаргахаар идэр насныхан байсан. 1500 метрт эрх авсан. Намайг уралдах гээд зогсч байтал нэг шүүгч ирээд чи хэдтэй вэ гэхээр нь 50 настай гэсэн чинь би чамайг харна аа гэж байсан. Уралдаад ирсний дараа “Чи залуу байна” гэж хэлсэн. Харин одоо үүнийгээ ахиулаад 5000-д эрх авчихмаар санагдаад байгаа юм. Өмнө нь холын зайд гүйдэг байсан болохоор одоо ойрын зайд гүйхээр жаахан хөнгөдөөд байна. Хол байвал надад ашигтай.

-Одоо ямар тэмцээнд оролцох вэ?

-Долдугаар сарын 18-нд Германд 5000 метрийн зайн олимпийн эрх уралдаан болох юм. Энд оролцох гээд бэлтгэлээ хийж байна. Хөрөнгийг нь гаргаад өгчихвөл эрхээ аваад олимпоос медаль авч болох юм шиг санагдаад байгаа. Олимпийн эрх авах норм нь 17.30 секун байдаг юм. Миний санаанд багтаад л байна. Хэрвээ энэ эрхээ авчихвал ерөнхийдөө олимпийн циклд ороод зөвхөн Лондонд уралдахын төлөө л бэлтгэлээ хийнэ дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж