Эдийн засгийн хагас жилийн дүн ба монголчуудын хөрөнгө оруулалт

Хуучирсан мэдээ: 2011.06.30-нд нийтлэгдсэн

Эдийн засгийн хагас жилийн дүн ба монголчуудын хөрөнгө оруулалт

Дизель станцтай таван аймаг тэр үед байсан юм. Төвийн эрчим хүчинд холбогдоогүй гэсэн үг. Өнөөдөр мөн хэвээрээ байсан бол дизелийн хямралын үед аймаг хав харанхуй болох байжээ. 2003 оны бүтээн байгуулалтын тухай өнөөдөр эргэн бичихийн учир нь үндэсний компаниудынхаа эрийн цээнд хүрсэн үүх түүхийг харьцуулж харсных. Булган- Хөвсгөлийн чиглэлд М Си Эс Интернэшнл компани 292 километр өндөр хүчдэлийн шугам татсан билээ. 110 кВольтийн тэрхүү шугамаар одоо ч хөвсгөлчүүд гэрэл цахилгаанаа авдаг. Дараа нь Баянхонгорын харанхуй сумдыг гэрэлтүүлэхээр мөнөөх бүтээн байгуулалт 2004 онд үргэлжилжээ. Тийшээ  205 километр өндөр хүчдэлийн шугам татсан. Эх орныг гэрэлтүүлсэн аварга шугамуудыг монголчууд өөрсдөө татаж байсны хүчинд одоо эргэн хүчин чадлыг нь сайжруулах, сэргээн засварлах боломжтой үлджээ. Хамгийн гол нь дараагийн шинэ бүтээн байгуулалт хийх монгол маягийн туршлага хуримтлагдсан байх юм. Үүнийг ноу хау хэмээн нэрлэдэг. Ноу хау гэгчийг заавал гадаадаас суралцах албагүй, эх орны хөрсөн дээр өөрсдийн ноу хауг идээшүүлэх нь хамгаас өгөөжтэй.

Өнөөдөр Монголын томоохон компаниуд дараалсан ойгоо тэмдэглэж байна. НИК-ийн 70 жилийн ой, Мобикомын 15 жил, удахгүй 20 нас хүрэх газрууд ч бий. Үндэсний аж ахуйнууд эрийн цээнд хүрч зарим нь группийн хэмжээнд томорч, гадаад зах зээлд өрсөлдөх “монгол“ брэндийн бүтээгдэхүүн гаргахаар ажиллаж байна.

Манай улсын эдийн засагт зэргэцэж буй хоёр үзүүлэлтийг дурдъя. Эхнийх нь, үндэсний компаниудын эдийн засагтаа үзүүлэх өгөөж нэмэгдсээр байгаа. Удаах нь гадаадын шууд хөрөнгө оруулалт огцом нэмэгдсэн. 2011 оны эхний хагас жилийн статистик мэдээгээр гадаадын шууд хөрөнгө оруулалт 625 сая ам. долларт хүрчээ. Өмнөх оныхоосоо гурав илүү дахин өссөн үзүүлэлт юм. Дотоод, гадаадын хөрөнгө оруулалт зэргэцэн нэмэгдэж байгаа хэдий ч үр ашиг нь эдийн засагт өөр өөрөөр тусч байна. Дотоодын хөрөнгө оруулалтын үр шим монгол хөрсөндөө шингэж үлддэг бол гадаадын шууд хөрөнгө оруулалтууд гадагшлах ашиг орлогодоо тулгуурладаг.

“Үндэсний компаниуд нь чадавхгүй, гадаадын компаниудын хавсарга байдалтай ажиллаж, иргэд нь бэлэн хэрэглээнд дасвал ямар аюулгүй байдал орших юм бэ” гэж Ерөнхийлөгчийн Зөвлөх М. Батчимэг хэлжээ. Тиймээс дотоодын хөрөнгө оруулалтыг дэмждэг төрийн бодлогын талаар сүүлийн үед анхааран хэлэлцдэг болсон юм. Дотоодын хөрөнгө оруулагчид Улаанбаатараас Өмнөговийг чиглэсэн цахилгаан дамжуулах өндөр хүчдэлийн шугамыг татах тендерт өнгөрсөн жил  ялалт байгуулжээ. Арваад жилийн өмнө Хөвсгөл, Баянхонгорын харанхуй сумд руу гэрэл ойртуулж татсан тэр компани олон улсын шалгаруулалтад ялсан байна. 1993 онд жижигхэн компанийн хэмжээнд байгуулагдан, эрчим хүчний салбарт зөвлөгөө өгөх бизнес эрхэлсэн М Си Эс тэргүүлэн, эх орны харанхуй сумдад гэрэл түгээсээр яваа юм. Эдүгээ М Си Эс нь дотроо хэд хэдэн группийн хэмжээнд үйл ажиллагаа нь төрөлжин томорчээ. Нийт 6500 хүн энд гэр бүлд ажилладаг гэвэл бараг 20.000 хүн амьдралынхаа баталгааг М Си Эс группээс авдаг. Петровис-НИК компанийн халуун бүлд мөн л олон монголчууд ажил амьдралтайгаа золгосон. Эдүгээ 2000 орчим ажиллагсадтай Петровисчууд  улам бүр өнөр өтгөн болсоор байгаа. Үндэсний компаниуд маань тогтвортой суурьшилтай, сэтгэл түвшин ажиллах ажлын байрыг монголчууддаа олгодог. Үүгээрээ гадаадын хөрөнгө оруулалттай газруудаас өгөөж нь өндөр.

Сүүлийн жилүүдэд Монголын томоохон аж ахуйн нэгжүүдийн улсад төлсөн татварын хэмжээ нэмэгдсээр байна. М Си Эс групп сүүлийн гурван жилд нийт 197.6 тэрбум төгрөгийг татварт төлжээ. Хувийн хэвшлийн компаниуд ийнхүү улсын төсөвт тогтвортой орлогын эх үүсвэр бүрдүүлсээр байгаа нь манай эдийн засаг найдвартай үндэс суурьтай болох эрүүл хандлага юм. Дотоодын компаниуд өсч томрохынхоо хэрээр нийгэмд чиглэсэн олон арга хэмжээ зохион байгуулдаг болжээ. Мобикомын нийгмийн чиглэлийн аянууд, Петровисийн эко үйл ажиллагаа, том жижиг бусад олон компанийн сайн үйлсийн аянууд нэгдсээр нэг хүчирхэг давлагаа болж чадаж байна. Хүч чадалтай яваа нь эмзэг хэсэгтээ гар сунгадаг хэв маяг ийнхүү нийгэмд төлөвшжээ. Нийгмийн чиглэлийн жижиг аянууд нэгдсээр нэгэн том бүтээн байгуулалт болох зам нээгдсээр байна. Эдгээрээс хамгийн том нь Хийн түлшний үйлдвэрийн төсөл билээ.  Хотын агаарын бохирдлыг бууруулах төдийгүй, үгүй болгох өндөр үр дүн хүлээж байгаа төсөл юм. Төслийг М Си Эс групп нийгмийн хариуцлагатай ажлынхаа хүрээнд гүйцэтгэж байна.

Талх чихэр, Говь, Өгөөж, Монголын Алт, Монос гээд үндэсний олон аж ахуй эрийн цээнд хүрсэн ойгоо тэмдэглэх өдрүүд ирж байна. Зах зээлийн шуурган дунд анх хөлд орсон Монголын компаниуд маань өнөөдөр дэлхийн түвшинд ажиллах эрхэм зорилгууд дэвшүүлэх хэмжээнд хүрчээ. Тэд бол улс орны хөгжлийн хөдөлгүүр юм. Шинэ оны эхний хагас жилийн статистик мэдээнээс гадна Үндэсний статискийн газар нь Хүн ам, орон сууцны тооллогын нэгдсэн дүнг олон нийтэд танилцуулж байна. Арван жилийн өмнө буюу 2000 онд хийгдсэн тооллогын дүнтэй 2010 оныхыг харьцуулсан байдлаар үзүүлэлт гарсан байх юм.

Ажилгүйдлийн түвшин буурсан буюу 2010 оны дүнгээр 164.116 хүн ажилгүй гэсэн статистик гарсан байна. Түүнчлэн, цахилгааны эх үүсвэргүй нийт өрхийн тоо эрс багассан буюу 23.233 болжээ. Эрчим хүчний хэрэглээ сүүлийн арван жилийн дүнгээр өсч, ажилгүйдлийн тоо  багассан дүн гарсныг Үндэсний статистикийн хорооноос энэ долоо хоногийн эхэнд танилцуулав. Энэ бол сүүлийн арван жилд эх орныхоо өнцөг булан бүрт эрчим хүч түгээсэн өндөр хүчдэлийн шугамыг дагаад бүтээн байгуулалт, бизнесүүд цэцэглэсэн гэсэн үг юм. Монголчуудын бүтээн байгуулалт Монголдоо баялаг болон шингэж байна.
Баяр наадмын 90 жил, Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 100 жил, олон олон хүндэтгэлт ойнууд давхацсан энэ зун манай улсын эдийн засгийн хагас жилийн дүн өөдрөг өнгөтэй гарчээ.

Г. Хангай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж