“Зөгий”-нүүдийг үүрэнд нь дуудлаа

Хуучирсан мэдээ: 2011.06.29-нд нийтлэгдсэн

“Зөгий”-нүүдийг үүрэнд нь дуудлаа

Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Хилийн чинадад амьдарч буй Монгол Улсын иргэдтэй хамтран ажиллах зөвлөлөөс Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлыг зохион байгуулах үндэсний хороотой хамтран өнөөдөр 19.00 цагаас Төрийн ордонд “Зөгийн үүр” цахим уулзалт зөвлөгөөн эхлүүллээ. Түүнийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар нээж, Ерөнхий сайд С.Батболд үг хэллээ.

Зөвлөгөөнөөр дотоодын зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн төлөв байдал, 2011-2012 онд дотоодны хөдөлмөрийн зах зээлд нөхөгдөхгүй байгаа нарийн мэргэжил, ур чадвар шаардсан боловсон хүчний хэрэгцээ, ажлын байрны талаар мэдээлэл, санал солилцож байна. АНУ, ХБНГУ, БНСУ, Японд ажиллаж амьдарч, сурч буй монгол иргэдийн төлөөлөл онлайн ярилцлагад оролцож, Ерөнхий сайд, бусад хүмүүстэй нүүр нүүрээ харалцан санал солилцож байгаа юм.

Ерөнхий сайд үгийнхээ эхэнд гадаадад нисэн одож “бал бурам” цуглуулж буй ажилсаг “зөгий”-нүүдийг эх орондоо ирж нарийн мэргэжлийн ажил эрхлэн Монгол Улсынхаа хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулахыг уриаллаа.  Монголын 100 мянга гаруй иргэн гадаадад тогтмол, 200 гаруй мянган иргэн ирж очин ажиллаж сурдаг ажээ. Монгол Улс хөгжлийн таатай үедээ ирж буйг Ерөнхий сайд гадаадад байгаа монголчууддаа дуулгаад өнгөрсөн 20 жилд туршлага ч хуримтлуулж, сургамж ч авч энэ хэмжээнд хүрснийг хэллээ. Уул уурхайгаас гадна хөдөө аж ахуй, дэд бүтэц гээд ажиллах олон салбар байгаа, хөрш орнууд, бүс нутагт зах зээл хөгжих гадаад дотоод боломж бийг Ерөнхий сайд онцолж гадаад боломжийг ойртуулахад хилийн чинадад суугаа монголчууд гар бие оролцоно гэдгийг хэлэв.

Монголын хүн ам өсч байгаа, улам олон болох ёстой. Иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдах учиртайг Ерөнхий сайд сануулж байв. Судалгаагаар Монгол Улсын 120 гаруй мянган иргэн гадаадад байгаагаас 6274 хүний бүртгэлийн материал ирж, 5000 гаруй нь шинэчилсэн бүртгэлийн дугаараа авчээ. Бүртгэл олон талын ач холбогдолтой. Юуны өмнө Монголын төр, иргэн хоёр нягт холбоотой байх ёстой. Мөн шинэчилсэн бүртгэлийн дагуу Хүний хөгжлийн санаас иргэн бүртээ хувь хишиг хүртээж байгаа. Тавантолгойн ордын 10 хувийг иргэддээ хувьцаагаар эзэмшүүлэх шийдвэр гарсан. Гадаадад суугаа иргэдийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд тусламж үзүүлэх сантай болсон, тэднийг нийгмийн даатгалд хамруулна гэдгийг Ерөнхий сайд онлайн уулзалтад оролцогчдод хэлэв.

Энэ онд Монголын хөдөлмөрийн дотоод зах зээлд дэд бүтцийн салбарт 6235, уул уурхай, эрчим хүчинд 165, эрүүл мэндийн салбарт 131, хөнгөн үйлдвэрт 125, эрх зүйн салбарт 62 нарийн мэргэжлийн ажлын байр байгааг “зөгий”-нүүдэд дуулгалаа. Уул уурхайн том төслүүд хэрэгжиж буй, дэд бүтэц, 100 мянган айлын орон сууц, тэдгээрийг дагалдан гарах үйлчилгээний салбарт 60-аад мянган ажлын байрны хэрэгцээ байгаа аж. Тэдгээрт шаардлага хангах боловсон хүчин хэрэгтэй байгаа тул “зөгий”-нүүдээс дуудаж байгаа юм. Агаарын хөлгийн инженер, биотехнологич, уул уурхайн инженер, лабораторийн нарийн мэргэжлийн эмч “зөгий”-нүүдийг эх орон нь хүлээж байгааг Ерөнхий сайд хэлж хүрч ирж ажиллахыг урилаа. Зөвлөгөөн 21.00 цаг хүртэл үргэлжилнэ.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж