Стратегийн гурван оролцогч тунаж үлдлээ

Хуучирсан мэдээ: 2011.06.29-нд нийтлэгдсэн

Стратегийн гурван оролцогч тунаж үлдлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2011 оны 6 дугаар сарын 29-ний өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргажээ.

ТАВАНТОЛГОЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ЯВЦТАЙ ТАНИЛЦАВ

Тавантолгойн ордыг ашиглах хэлэлцээрийн явцын талаар Монгол Улсын Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар нар Засгийн газрын хуралдаанд танилцуулав.
Тэргүүн шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг Тавантолгойн төслийн хэлэлцээрийг амжилттай дуусгахын төлөө ажиллаж байна.

Ингэхдээ Засгийн газар УИХ-ын 39, 40 дүгээр тогтоолыг үндсэн зарчим, удирдамжаа болгон  ажиллаж байгаа. Мөн үндэсний хөгжлийн цогц бодлого, Засгийн газрын мөрийн хөтөлбөр, УИХ-ын 39, 40 дүгээр тогтоол, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж, Төмөр замд төрөөс баримтлах бодлогын баримт бичиг, Өмнийн говийн дэд бүтцийн хөгжлийн хөтөлбөр, Сайншандын аж үйлдвэрийн парк, Гадаад бодлогын үзэл баримтлалыг стратеги, бодлоготой уялдуулж байна.

УИХ-ын 39 дүгээр тогтоолоор дамжин өнгөрөх тээвэр, угтуулан тавих нөхцөл, урьдчилгаа төлбөр, боомт ашиглалт, хөрөнгө оруулалт, борлуулалтын нөхцөлийн талаар хэлэлцээ хийж, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын оролцоотой нэгдсэн компани /Консорциум/-ийг нээлттэй хэлбэрээр сонгон шалгаруулж, Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг УИХ-аар хэлэлцүүлэх, бусад баримт бичгийн төслийг танилцуулахыг үүрэг болгосон.

Харин 40 дүгээр тогтоолын дагуу одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжид нийцүүлэх, нөөц ашигласны төлбөр, албан татварын тодорхой хэсгийг урьдчилан авах, шинээр барих эрчим хүч, авто болон төмөр зам, усан хангамж зэрэг дэд бүтцийн барилга, байгууламж, хот тосгон, нийгэм, соёлын асуудлыг шийдэх, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зарчим баримтлах, үндэсний боловсон хүчин бэлтгэх хөтөлбөр, төлөвлөгөөг тохиролцох, орчин үеийн шилдэг техник, технологи ашиглах ба байгаль орчны нөхөн сэргээлтийг бүх үе шатанд хэрэгжүүлэх, гадаад, дотоодын нэр хүнд бүхий компаниудын уул уурхайн салбарын туршлага, санхүүгийн чадамж, ирүүлсэн санал зэргийг харгалзан үзэхийг зарчим, удирдамж болгон ажиллаж байгаа юм.
 
Энэ сонгон шалгаруулалтад дэлхийд тэргүүлдэг 15 оролцогч өрсөлдсөнөөс АНУ-ын Пибоди Энержи, БНХАУ-ын Шинхуа Энержи болон Японы Мицуи компаниудын Консорциум, ОХУ, Япон, БНСУ-ын консорциумын нэгдэл, Австрали-Швейцарийн Экстрата Коул, Бразилийн Вале, Люксембургийн АрсэлорМитал гэсэн 6 оролцогч шалгарсан байна.
Дээрх 6 оролцогчтой 18 удаа гэрээ, хэлцэл хийж, явцын дунд 3 нь тунаж үлдээд байгаа тухай сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар хэллээ. Засгийн газар Тавантолгойн ордыг дэлхийн хэмжээний нэр хүнд бүхий уурхай болгох, уурхайн аюулгүй ажиллагаа, хөдөлмөр хамгааллыг өндөр түвшинд хэрэгжүүлэх, байгаль орчин хамгаалах, нөхөн сэргээлтийг олон улсын стандартын түвшинд байлгах, нүүрсийг өндөр үнээр борлуулах, эцсийн хэрэглэгчид хүргэхийг зорилтоо болгож байна.
 
Иймээс ил уурхайн нүүрсний олборлолт хийх операторт тодорхой шаардлага тавьж байгаа юм. Тухайлбал ил уурхайд олон жил олборлолт хийсэн туршлагатай, тэргүүний техник технологи хэрэглэдэг, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, байгаль орчны нөхөн сэргээлтийн өндөр стратегитай, олборлолтыг бага өртөг зардлаар, үр ашигтай хийх илүү чадвартай, олон улсад нэр хүнд бүхий компани байх, монгол ажилчдад мэргэжил олгох цогц сургалтын хөтөлбөртэй байх зэргийг нь харгалзан үзнэ.  

Тиймээс оролцогч талуудтай хийж байгаа гэрээ хэлцэл амаргүй нөхцөлд үргэлжилж байгаа ч  Монгол Улсын Засгийн газар УИХ-аас өгсөн удирдамж, чиглэлийн дагуу өмнөө тавьсан зорилтоо биелүүлэхийн төлөө ажиллаж байна. Засгийн газрын хуралдаанаас Тавантолгойн ордыг ашиглах хэлэлцээрийн явцыг УИХ-д танилцуулах нь зүйтэй гэж үзлээ.   
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж