Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Шүүхийн шинэтгэлийн багц хуулиудын төслийг УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга өнөөдөр өргөн барив. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга хэлэхдээ “Ерөнхийлөгчийн хамгийн анхны зарлиг шүүхийн шинэчлэлийн тухай байсан бөгөөд түүний хүрээнд Шүүхийн шинэчлэлийн хөтөлбөр боловсруулагдан батлагдсан юм. Энэ хөтөлбөрийн үндсэн дээр Шүүхийн, Шүүхийн захиргааны, Шүүгчийн эрх зүйн байдлын, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн, Эвлэрүүлэн зуучлуулах тухай 5 хуулийн төслийг боловсруулж бэлэн болгоод байлаа. Ерөнхийлөгчийн санаачилгаар дөрөвдүгээр сард хийсэн “Шүүх эрх мэдлийн шинэчлэл ба шударга ёс” үндэсний чуулганаар төсөлтэй холбоотой олон чухал санал, зөвлөмж гарсан тул тэдгээрийг хоёр сар хуульчид, эрдэмтэд, шүүгч, прокурор, цагдаагийн өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг судлан нягталж тусган нэлээд чамбай бэлтгэлээ. Эдгээр хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцүүлж өгнө үү” хэмээн хүсэв.
УИХ-ын дарга Д.Дэмбэрэл хуулиудын төслийг хүлээн аваад “Чуулган завсарлах хаяанд ирчихээд байна. Хугацаа гарвал хуулийн төслүүдийг хэлэлцүүлэхийг хичээх болно. Ерөнхийлөгч намын бүлгийн дарга нартай саяхан уулзахдаа ч эдгээр хуулийн төслийг яаралтай хэлэлцэхийг хүссэн байсан. Цаг хугацааны хүчин зүйл ганц хүнээс хамаарахгүй гэдгийг ойлгоно биз дээ” гэж хэллээ.