Недэрландын АЗ Алкмаар баг Америкын шигшээн довтлогч Жөүзи Алтидорыг авах тун ойртсон гэж тус багийн техникийн албаны дарга Эрни Стьюварт хэлжээ. Энэ жил 21 настай довтлогч Туркийн Буршаспорт хагас жил зээлээр тоглосныхоо дараа багаа солих хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Алтидорын нэр албан ёсоор “Виллареал”-н бүрэлдэхүүнд байгаа. Алкмаар түүнийг багтаа элсүүлэхийн тулд өөрийн нэг довтлогчоо явуулах зайлшгүй шаардлагатай. Испанийн “Шар усанд шумбагчид” түүнийг 2008 онд Нью Иорк Рэд Булл багаас авсан ч, ирсэн цагаас нь хойш Херез, Халл Сити болон Буршаспор багуудад зээлээр тоглуулсан.
Алтидор Туркт өнгөрүүлсэн хагас жилийн хугацаанд талбайд төдийлөн гарахгүй байсан. Харин дуусаад удаагүй байгаа “Gold Cup” тэмцээнд 4 гоол хийж фортой байгаагаа харуулсан. Алтидор ч өөрөө Недэрландад ирэхийг хүсч байгаагаа илэрхийлсээр байгаа. Гэхдээ шигшээнхээ төлөө тоглож байгаад цавиндаа гэмтэл авсан. Гэмтэл нь бүрэн илааршихад доод тал нь сар гарангийн хугацаа хэрэгтэй аж.
Алкмаар ирэх улиралд Европа Лигт хүч үзэх болохоор Алтидор шиг чадвартай цэвэр довтлогч ус агаар мэт хэрэгтэй нь дамжиггүй.