Шатахуун нийлүүлэгчдийн тоог нэмэгдүүлж байна

Хуучирсан мэдээ: 2011.06.29-нд нийтлэгдсэн

Шатахуун нийлүүлэгчдийн тоог нэмэгдүүлж байна

Засгийн газрын өнөөдрийн хуралдааны хэлэлцэх асуудлын дараалалд “Дорнод газрын тос боловсруулах үйлдвэр” байгуулах тухай байсан боловч энэ талаар хуралдсангүй. Учир нь уг асуудлыг дараагийн долоо хоногын Засгийн газрын хуралдаанд оруулах нь зүйтэй гэх шийдвэр гарсан аж.

Шатахууны хомсдолоос үүдэлтэйгээр улам хурцаар тавигдаж буй үйлдвэр барих тухай энэхүү асуудлыг энэ удаад хэлэлцээгүй ч нийлүүлэлтийн талаар зүгээр суугаагүй гэдгээ Газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга Ж.Амарсайхан дуулгалаа.

Тэрээр “Шатахууны хомсдолыг арилгахын төлөө бид ажиллаж байна. Энэ ажлыг зөвхөн өчигдөр, өнөөдөр эхэлсэн ч зүйл биш. Шадар сайдын зүгээс Хятадын засгийн газарт шатахууны нийлүүлэлтийн асуудлыг яаралтай шийдвэрлэж өгөхийг хүссэн бичиг илгээсэн байгаа. ОХУ-ын засгийн газар хоорондын хуралдаан маргаашнаас эхэлнэ. Солонгосын шатахуун нийлүүлэгч компаниудтай мөн энэ асуудлаар хэлэлцээр хийж байна. Үүнтэй холбоотойгоор шатахууныг дамжин өнгөрүүлэх асуудлууд ч гарч ирж байгаа. Өмнө нь ОХУ-ын төрийн өмчит Роснефт компаниас л түлш авч байсан бол одоо есөн эх үүсвэрээс нийлүүлэхээр болж байна. Үүн дээр БНХАУ, Солонгосын компаниудыг нэмж тооцвол ганц нийлүүлэгчийн хараат биш болж байна гэсэн үг” гэв.

Түүнчлэн АИ92 түлшний нийлүүлэлтийн талаар “АИ92 түлшний 14 хоногын нөөц байгаа боловч хүмүүсийн айдас нөлөөлж их хэмжээгээр нөөцлөхөд хүргэж байна. Ингэхээр энэ хэрэгцээг нь ч гэсэн хангах нэмэлт түлшийг оруулж ирүүлэхээр болж хэлэлцээрүүдийг хийж байгаа. Монголд АИ92-ийн сарын хэрэглээ 20 мянган тонн. Гэтэл энэ сарын захиалгад Роснефтэд 30 мянган тонныг өгсөн. Үүний 25 мянган тонн нь өнөөдөр ирэх ёстой байсан боловч арай ирээгүй байна. Өөр компаниудад дахиад 20 мянган тонныг захиалсан. Эдгээрийн гэрээ нь эхнээсээ хийгдэж байна. Энэ бүх гэрээ хэлэлцээрийг нэгтгээд тоон дүнг гаргавал гурван сарын хэрэгцээг оруулж ирнэ гэсэн үг” гэх тайлбарыг хийлээ.  

Б.Манд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж