Уг чуулга уулзалт нь иргэдэд нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэхэд Завхан аймгийн эрүүл мэндийн байгууллагын ахмадуудын үүрэг оролцоог нэмэгдүүлэх, тэдний санал хүсэлтийг сонсох, залуу боловсон хүчнүүдэд зөвлөгөө өгөхзорилготой аж.
Чуулганыг аймгийн Засаг дарга Я.Санжмятав нээж үг хэлсэн ба уулзалтын үеэр Завхан аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр монгол улсын хүний гавъяат эмч Жүгдэрнамжил, ахмад настан М.Цэгмид, Жавзан, Норжмаа, Пүрэвдорж, Базарсад, Надмид, Балжинням, Доржсүрэн, Долгорсүрэн нарыг шагнажээ.
Чуулганд эрүүл мэндийн салбарт олон жил ажиллаж байсан Яруу сумын бага эмч Замбага, Их-Уул, Шилүүстэй сумын бага эмч Доржсүрэн, Бадамсэд, их эмч хийсэн Жамц, Гоц халдварт, аймгийн Нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн машины жолооч хийж байсан Надмид зэрэг олондоо нэртэй 60-80 настай 80 гаруй ахмадууд хүрэлцэн иржээ.
Ахмадуудын анхдугаар чуулганаар “Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд хүргэхэд ахмадын оролцоо”, “Насжилт”, “Ахмадууд өөрөө туслах бүлэг байгуулан ажиллах тухай” сэдвүүдээр их эмч Б.Готов, Л.Норжинжав, М.Дуламжав нар сонирхолтой мэдээлэл хийжээ.
Энэ үеэр тодорхой асуудал хөндсөн, зөвлөмж гаргаж ахмадын хэсэг байгуулсан юм.