-Танай яамнаас хэлэлцүүлсэн асуудлуудыг Засгийн газар яаж шийдвэрлэсэн бэ?
-Сангийн яамнаас өнөөдөр гурван асуудал хэлэлцүүллээ. Эхнийх нь Тэмдэгтийн хураамжийн хувь хэмжээг тогтоох тухай асуудал байсан. Хуулиар тэмдэгтийн хураамжийг хэд хэдэн хэсэгт хуваасан. Нэгд, шууд УИХ-аас хуульчилж тогтоосон хэсэг. Энэ нь аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрөлтэй холбоотой. Хоёрт, тодорхой хэсэг зөвшөөрлийг Засгийн газраас олгож байгаа. Засгийн газар эрх олгохдоо тодорхой интервал тавьсан учраас 269 зөвшөөрөл, зүйл заалт дээр Засгийн газар зөвшөөрөл олгохоор тогтоолоо. Долдугаар сарын 1-ний өмнө энэ тогтоолыг баталсан байх ёстой. Тэгээд өнөөдөр гаргалаа. Дараагийн асуудал нь Хүний хөгжлийн сангийн ажлын албыг Сангийн яамны Төсвийн газрын бүтцэд алба хэлбэрээр байгуулахаар шийдлээ. Эцэст нь Төсвийн тухай хуулийн дагуу орон нутгаас ирүүлсэн саналуудтай холбогдуулаад Ховд аймагт 600 сая, Сүхбаатар аймагт 635 сая төгрөгийн төсвийн зээл олголоо. Орон нутаг тодорхой хэмжээгээр улсын төсвөөс зээл авдаг. Орлого нь улирлын чанартай ордог учраас тодорхой хүндрэл гардаг. Барилгын салбар ажиллах бололцоотой зуны улиралд бүтээн байгуулалтын салбарыг жигдрүүлэх санал тавьсны дагуу шийдсэн.
-Зарим хэвлэлд таныг “Зоос” банктай холбоотой асуудалд холбогдсон талаар мэдээлж байгаа. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Энэ бол ташаа мэдээлэл. “Өдрийн сонин” дээр нэг сэдвээр гурав дахь удаагаа бичигдээд байна. Үүнийг би “Зоос” банкны эздийн зүгээс бичүүлдэг болов уу гэж ойлгож байгаа. Асуудал нээлттэй. Яаж шийдэгдсэн бэ гэдэг нь УИХ, Засгийн газар, Монголбанкны төвшинд олон удаа яригдаж шийдэгдсэн асуудал. Энэ бол худлаа гүтгэлэг гэдгийг хэлье.